
ЭЭнэтхэгийн Шинэ Дели хотноо энэ 7 хоногт “Шри Шри” Рави Шанкарын “Амьдрах урлаг” төв 35 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүлж байна. Гэтэл ойн тэмдэглэлт үйл ажиллагааг зохион байгуулж байгаа тайз байгаль орчинд хор хөнөөл учруулж байна гэх маргаан сая дэгдсэн байна. Өчигдөр “Амьдрах урлаг” төвийн “Дэлхийн соёлын наадам” эхэлсэн.
Энэ наадамд 155 орныг төлөөлсөн 3 сая гаруй хүн оролцоно гэсэн урьдчилсан тооцоо гарчээ. Наадамд зориулан “Амьдрах урлаг” төв хүндэтгэлийн нүсэр тайз босгосон байна. Харин байгаль орчны идэвхтнүүд энэхүү тайз, мөн тайз руу чиглүүлэн ойролцоох голын дээгүүр босгосон түр гүүр нь голын урсгалд сөргөөр нөлөөлж байна гэх шалтгаанаар “Амьдрах урлаг” төвд 50 сая рупи буюу 740 мянган америк долларын торгууль оногдуулсан байна. 1982 онд “Амьдрах урлаг” хөдөлгөөнийг үндэслэсэн Рави Шанкар энэ торгуулийг төлөхгүй, давж заалдана гэдгээ мэдэгдээд байгаа.
Өнөөдөр “Амьдрах урлаг” төвийн 35 жилийн ойд зориулсан “Дэлхийн соёлын наадам”-ыг Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди өөрийн биеэр очиж, нээх юм байна. “Амьдрах урлаг” төвийн энэ наадам 3 хоног үргэлжилж, олон орны уран бүтээлчид өөрсдийн дуу хуур, бүжиг наадмаа толилуулах юм. Өнгөрсөн 2011 онд Германы Берлин хотноо “Амьдрах урлаг” төв мөн ийм наадам зохион байгуулж байжээ.
Энэтхэгт дэлхийн соёлын наадам зохион байгуулагдаж байна | ||
Үзсэн: 691 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.