
Гадаад улс орны их, дээд сургуульд боловсрол эзэмшихээр төлөвлөж байгаа хүмүүсийн тоо жил ирэх бүр олширч байна. Эдгээр хүнд хүссэн сургуулиа сонгоход нь тус болохын тулд "Таймс Хайер Эдюкейшн" цахим хуудас Европ тивийн шилдэг их сургуулиудын жагсаалтыг нийтэлжээ. Жагсаалтад багтсан 4 их сургууль тутмын 1 нь Их Британийн сургууль байв. Тус улс дээд боловсролын салбарт Европ тивд тэргүүлэх болсныг энэ удаагийн жагсаалт харууллаа гэж шинжээчид үзэж байна.
Жагсаалтын эхэнд Их Британийн Оксфордын их сургууль, түүний араас мөн л тус улсын Кэмбрижийн их сургууль, Эзэн хааны коллеж удаах хоёр байрт жагсжээ. Харин айргийн 5-д багтсан цор ганц өөр орны сургууль болох Цюрихийн Швейцарийн Холбооны Технологийн Хүрээлэн 4 дүгээр байрт орсон бол 5 дугаар байрт Лондоны их сургууль багтсан байна. Их сургуулиудыг ийнхүү жагсаахдаа орчин үеийн “олон улсын” гэх статустай их сургуульд тавигддаг 13 гол жишиг үзүүлэлтийн дагуу харьцуулж үзсэн байна.
Эдгээр шалгуурт их сургуулийн явуулж байгаа судалгаа, багш нарын заах арга барил, мэдлэг солилцоо, олон улсад явуулж байгаа үйл ажиллагаа зэрэг багтжээ. Эдгээр шалгуурын дагуу шилдэг 200-д жагссан их сургуулиудын эхний 10 сургуулийн 7, мөн эхний 50 сургуулийн 17 нь, харин нийт 200 сургуулийн 46 нь Их Британийн их сургуулиуд байна. Үүний араас Герман 36 их сургуулиа шилдгээр нэрлүүлснээр удаалжээ. Германы эдгээр сургуулийн 11 нь эхний 50-д багтсан бол, тус улсад хамгийн шилдэгт тооцогддог Мюнхений Людвиг Максимилиан их сургууль 10 дугаар байранд жагссан байна. Их Британийн дээд боловсролын чанар ийнхүү Европт тэргүүлсэн хэвээр байна.
Гэхдээ сургуулийн төлбөр, амжиргааны өртөг өндөр байдгаас үүдэн дээд боловсрол эзэмшихээр тус орныг зорих гадаад оюутнуудын тоо буурах болсныг шинжээчид онцолж байгаа юм. Үүнээс гадна тус улсын цагаачлалыг хязгаарлах бодлого, энэ асуудлыг тойрсон ширүүн маргаан олон орны оюутан Их Британид очвол урилгагүй зочин байх мэт сөрөг сэтгэгдэл төрүүлж байгаатай энэ асуудал нэг талаар холбоотой байж болзошгүй гэж шинжээчид дүгнэж байна.
Дээд боловсролын чанараар Их Британи тэргүүлж байна | ||
Үзсэн: 907 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.