
Өчигдөр Бразилийн олон зуун мянган иргэн улсынхаа Ерөнхийлөгч Дилма Русефийг огцрохыг шаардсан томоохон жагсаалыг олон хотод нэгэн зэрэг зохион байгуулсан байна. Эдгээр жагсаал нь Бразилийн ард түмэн Ерөнхийлөгчийнхөө бодлогод улам бүр сэтгэл дундуур явах болсныг харууллаа гэж ажиглагчид дүгнэж байна. Өнгөрсөн онд Бразилд Засгийн газрын эсрэг хэд хэдэн удаагийн жагсаал зохион байгуулагдсан юм. Харин энэ удаад Дилма Русефийн ойрын хүрээнийхэн авлига хээл хахуультай холбогдсон хэргээр шалгагдаж эхэлсэн явдал дахин жагсаал цуглаан эрчээ авах гол шалтгаан болжээ.
Бразилийн цагдаагийн газрын тооцоогоор тус улсын 150 хотод нийт 3 сая гаруй хүн Дилма Русефийг эсэргүүцсэн жагсаалд оролцсон байна. Датафолья гэх судалгааны байгууллагын мэдээгээр Сан Паулу хотын гудамж талбайд 500 мянга гаруй хүн Русефийн эсрэг жагсчээ. Харин зарим эх сурвалж энэ тоог 1.4 сая хүрсэн гэх эрс зөрүүтэй мэдээллийг өгч байна. Энэ удаагийн жагсаал өнгөрсөн 3 дугаар сард зохион байгуулагдаж байсан Бразилийн Засгийн газрын эсрэг нэг сая гаруй хүн оролцсон жагсаалаас илүү өргөн цар хүрээтэй байсныг албан эх сурвалжууд онцолжээ.
Жагсаалд оролцогсод “Дилмаг огцруул”, “Авлига хээл хахуулийг таслан зогсоо” зэрэг уриа барин жагсаж байсан юм. Бразил улс сүүлийн 25 жилийн түүхэндээ хамгийн хүнд эдийн засгийн хямралд нэрвэгдсэний гол буруутан нь Дилма Русеф гэж жагсагчид үзэж байна. Өнгөрсөн 2014 онд Ерөнхийлөгчийн албан тушаалд улиран сонгогдсон түүнийг огцрох нь зүйтэй гэж Бразилийн иргэдийн талаас илүү хувь нь үзэж байгааг саяхан явуулсан санал асуулгаар тогтоожээ. Энэ бүх эсэргүүцлийг үл харгалзан Дилма Русеф албан тушаалаасаа огцрохгүй гэх байр сууриа баримталсан хэвээр байна.
Бразилчууд Ерөнхийлөгчөө огцрохыг шаардан жагслаа | ||
Үзсэн: 641 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.