Шууд Chart

Тайландад зааны поло тэмцээн болжээ

2016-03-15 11:18:17

Тайландын нийслэл Бангкок хотноо эзэн хааны цомын төлөөх зааны поло тэмцээн болж, өчигдөр өндөрлөлөө. 14 дэх жилдээ зохион байгуулагдсан энэ тэмцээний бүх орлого Тайландын заануудыг арчлан хамгаалах буяны үйлсэд зориулагдаж байгаа юм.

Өнгөрсөн пүрэв гарагаас эхэлж, 4 хоног үргэлжилсэн зааны поло тэмцээнд олон улсын морин пологийн спортын мэргэжлийн тамирчид болон сонирхогчдоос бүрдсэн 10 баг өрсөлджээ. Сонирхогчдын дунд Тайландын алдартнуудаас гадна олон улсын нэртэй эрхмүүд, регбигийн тамирчид хүртэл байсан байна. Заан удаан, болхи харагдаж магадгүй ч тэмцээнд оролцогсдын дунд бусад төрлийн полотой нэгэн адилаар хүчтэй өрсөлдөөн өрнөсөн байна. Тэмцээнд залуу, эрч хүчтэй заануудаас 21-ийг шалгаруулан оролцуулсан юм. Аливаа амьтдыг оролцуулсан тэмцээнд амьтны эрхийн зөрчил гарах вий гэж олон улсын идэвхтнүүд болгоомжилдог.

Харин энэ удаагийн тэмцээнд оролцож байгаа заануудын тав тух, эрүүл, аюулгүй байдлыг хангахын тулд зохион байгуулагчид ихээхэн анхаарал хандуулж ажиллажээ. Үүний дүнд нэг заан өдөрт ердөө 10 минутыг тэмцээний талбарт өнгөрөөж, үлдсэн хугацаанд эрх дураараа амрах боломжтой болсон байна. Мөн заануудын эрүүл мэндэд анхаарах үүднээс өдөр бүр амин дэм уулгаж, гадилын 20 ширхэг иш, 50 ширхэг чихрийн нишингэ, 10 ширхэг ханборгоцойн ишээр хооллосон тухайгаа зохион байгуулагчид нь ярьж байгаа юм. Энэ оны тэмцээнээс заан хамгаалах сайн санааны үйлсэд нийтдээ 410 мянган америк доллар цуглуулахаар зохион байгуулагчид нь зорьж байна.

2001 оноос хойш Тайландын зааны поло тэмцээн нийт 1 сая долларыг зааны төлөөх сайн санааны үйлд хуримтлуулж чадсан байна. Энэ хөрөнгийг зэрлэг зааны идээшин амьдарч байгаа газар нутгийг хамгаалах, цагдаа нар болон байгаль хамгаалагчдыг заан хамгаалахад сургах зэрэг ажилд зарцуулж байгаа юм.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Тайландад зааны поло тэмцээн болжээ   
Үзсэн: 555 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй