Шууд Chart

ОХУ Сириэс цэргээ татна

2016-03-15 12:28:12

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Сири дэх агаарын цэргийн ажиллагаанд оролцож байгаа өөрийн цэргийн гол бие бүрэлдэхүүнийг эргүүлэн татах гэнэтийн шийдвэр гаргажээ. Оросын Сири дэх цэргийн ажиллагаа тавьсан зорилгодоо хүрсэн учраас ийм шийдвэр гаргасан гэж тэрээр тайлбарласан байна. Таван жил үргэлжилж байгаа Сирийн хямралыг шийдвэрлэх энхийн яриа хэлэлцээний дараагийн шат өчигдөр эхэлсэн юм.

ОХУ-ын Сирид явуулсан агаарын цэргийн ажиллагаа алан хядагчдын эсрэг тэмцлийг үр дүнтэй болгоход чухал үүрэг гүйцэтгэж, энхийн яриа хэлэлцээ эхлэх суурь нөхцөлийг бүрдүүлсэн. Энэ утгаараа ОХУ-ын Сири дэх агаарын цэргийн ажиллагааны гол зорилго биеллээ олсонд тооцож болно гэж Владимир Путин үзэж байна. Сирийн Ерөнхийлөгч Башар Асадын өөрийн гол холбоотон болох Москвагийн энэ шийдвэртэй санал нэг байгаагаа ажлын албаараа дамжуулан мэдэгдсэн байна.

Газар дээр намжмал байдал тогтсонтой уялдуулан ОХУ цэргийн гол хүчээ татах шийдвэр гаргасан гэж дээрх мэдэгдэлд дурджээ. Путин өөрийн цэргийн гол хүчээ Сириэс эргүүлэн татаж дуусах хугацааг тодруулсангүй. Үүнээс гадна Оросын агаарын цэргийн хүчний зарим бие бүрэлдэхүүн Латакия хот дахь баазад байрласан хэвээр байх болно гэдгийг мэдэгдлээ. Та бүхэнд эргэн сануулахад, Оросын байлдааны нисэх онгоцууд өнгөрсөн 9-р сарын сүүлээс Сирид алан хядагч бүлэглэлүүдийн байршлыг бөмбөгдөж эхэлсэн юм.

Ингэснээр Сирийн сөрөг хүчний босогчид болон алан хядагч бүлэглэлүүдэд удаа дараа ялагдал хүлээж, багагүй хэмжээний газар нутгаа алдаад байсан Сирийн Засгийн газрын цэргүүд эргэн давшилтад орж, нутаг дэвсгэрээ эргүүлэн өөрсдийн хяналтад оруулж эхлээд байна.

Үүнээс гадна Сирийн Ерөнхийлөгч Башар Асадын байр суурийг эргүүлэн бэхжүүлэхэд ч ОХУ-ын агаарын цэргийн ажиллагаа голлох үүргийг гүйцэтгэсэн юм.

Нийтэлсэн: Э.Энхрэл

ОХУ Сириэс цэргээ татна   
Үзсэн: 573 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй