Шууд Chart

Туркийн байлдааны нисэх онгоцууд Курдын босогчдын байршлыг бөмбөгджээ

2016-03-15 13:16:30

Өнгөрсөн ням гарагт Туркийн нийслэл Анкара хотноо амиа золиослогчид авто машинд суурилуулсан тэсрэх бөмбөг дэлбэлж, үүний улмаас 37 хүн амь үрэгдсэн. Халдлагыг үйлдсэн хоёр этгээд Курдын ажилчдын намын дайчид байсныг тогтоосон гэж Туркийн аюулаас хамгаалах албаны ажилтнууд "Ройтерс" агентлагт мэдээлсэн байна.

Анкара хотод сүүлийн нэг сарын дотор хоёр дахь удаагаа алан хядагчид халдлага үйлдэж байгаа нь энэ. Тус халдлагын хариуцлагыг аль ч бүлэглэл одоогоор өөртөө хүлээгээгүй байгаа боловч Туркийн эрх баригчид анхнаасаа Курдын ажилчдын намыг энэ удаагийн халдлагад буруутай гэж сэжиглэж байсан юм. Энэ сэжгийг баталгаажуулж, ням гарагийн халдлагыг үйлдсэн амиа золиослогчдын хэн болохыг, аль бүлэглэлд хүчин зүтгэдэг байсныг олж тогтоосон гэдгээ Туркийн аюулгүйн албаныхан мэдээлсэн байна. Мэдээллээр амиа золиослогч хоёр этгээдийн нэг нь 1992 онд төрж, 2013 онд Курдын ажилчдын намд элссэн эмэгтэй байжээ.

Нөгөө амиа золиослогч нь мөн тус намтай холбоотой байсан Туркийн иргэн эрэгтэй юм байна. Турк улсын үндэстний цөөнхийн төлөөлөл Курдын ажилчдын нам Туркт алан хядагч байгууллагад тооцогддог. Сүүлийн 30-аад жилийн турш Курдын ажилчдын нам Туркээс салан тусгаарлах оролдлого явуулсаар ирсэн юм.

Өчигдөр Туркийн аюулгүйн эх сурвалжууд ням гарагийн халдлагад Курдын ажилчдын нам буруутайг ийнхүү баттай баримтаар тогтоосон гэж мэдэгдэж байна. Энэ мэдэгдэлтэй зэрэгцэн Иракийн хойд хэсэгт оршдог тус бүлэглэлийн цэргийн баазуудыг Туркийн байлдааны 11 нисэх онгоц агаараас бөмбөгджээ. Үүнээс гадна Туркийн зүүн өмнөд хэсэгт Курдын зэвсэгт босогчдын эсрэг ажиллагаа явуулахаар 24 цагийн хөл хорио тогтоосон байна.

Мөн Истанбул хотноо Курдын ажилчдын намын эсрэг явуулсан тусгай ажиллагаагаар 15 сэжигтэн этгээдийг саатуулсан талаар "Си-Эн-Эн" агентлаг мэдээлж байна.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Туркийн байлдааны нисэх онгоцууд Курдын босогчдын байршлыг бөмбөгджээ  
Үзсэн: 759 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй