Шууд Chart

Македоны хилээр мянга орчим цагаач дүрвэгч хууль бусаар нэвтэрчээ

2016-03-15 13:19:45

Македон улс Гректэй залгаа хилээ хааснаас үүдэлтэйгээр хоёр орны хил дээр цагаач дүрвэгчдийн бөөгнөрөл үүссэн тухай бид та бүхэнд мэдээлж байсан. Эдгээрээс нэг мянга гаруй цагаач дүрвэгч өчигдөр Грек, Македоны хилийн хаалтанд гарсан сиймхийгээр Македоны нутаг дэвсгэрт нэвтэрчээ.

Гэхдээ Македоны цагдаа нар дээрх дүрвэгчдийг удалгүй илрүүлж, саатуулсан байна. Тэднийг Грек рүү буцаан шилжүүлэхээр төлөвлөж байгаа юм. Сири, Ирак болон бусад бүс нутгаас очсон 14 мянга гаруй цагаач дүрвэгч одоо Грекийн Македонтой залгаа хилд гацаад байна. Хилийн энэ нутагт ойрын хоногуудад үргэлжлэн орсон борооны улмаас цагаач дүрвэгчид зутарч, нөхцөл байдал улам бүр хүндрэх төлөвтэй байна.

Өнгөрсөн 7 хоногт Македон улс Европын хойд хэсгийг зорин яваа цагаач дүрвэгчдийн ашигладаг гол зам болсон Балканы хойгийн замыг хааж, хилээрээ нэг ч цагаач дүрвэгч нэвтрүүлэхгүй гэдгээ зарласан юм. Гэсэн хэдий ч тус улсын эрх баригчид бодлоо өөрчлөх болов уу гэж найдсан олон мянган дүрвэгч өнөөг хүртэл Македоны хилийн ойролцоо майхан босгож, хоног төөрүүлсэн хэвээр байна.

Өчигдөр Грекээс Македон руу нэвтрэх өөр гарц хайсан хоёр эрэгтэй, нэг эмэгтэй Сува мөрөнд живснийг цагдаа нар олсон байна. НҮБ-ын өгсөн мэдээллээр тус мөрнийг гаталсан өөр 19 дүрвэгчийг Македоны дүрвэгчдийн хуаранд байрлуулсан, мөн 3 дүрвэгчийн биеийн байдал хүнд эмнэлэгт хүргэгдсэн байна. Македоноос гадна Балканы өөр хэд хэдэн орон цагаач дүрвэгчдэд хилээ хаасан. Иймээс дүрвэгчдийн хил давах оролдлого ямар ч үр дүнд хүргэхгүй гэдгийг Грекийн цагдаа нар анхааруулж байгаа юм.

Европын холбооны гишүүн орон бусад орнуудтайгаа уялдаа холбоогүйгээр, хилээ хаах шийдвэр бие даан гаргах бүрт цагаач дүрвэгчдийн дунд үймээн самуун дэгдэх, хил давахыг хууль бусаар оролдох явдал гаарч байгааг НҮБ-аас мэдээлж байна.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Македоны хилээр мянга орчим цагаач дүрвэгч хууль бусаар нэвтэрчээ  
Үзсэн: 1113 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй