
ОХУ-ын Буриад Улсад болсон чөлөөт бөхийн Ерөнхийлөгчийн цомын аварга шалгаруулах тэмцээнд манай улсын шилдэг бөхчүүд зодоглосон. Дэлхийн 12 улсын 100 гаруй тамирчин оролцсон 21 дэх удаагийн энэхүү тэмцээний хоёр дахь өдөр буюу энэ сарын 13-нд Монгол Улсын дасгалжуулагч шүүгчдийн шүүлтийг эсэргүүцэж бухимдлаа илэрхийлсэн билээ. Тодруулбал, Якутын тамирчин Двулустан Булатов, Монгол Улсын тамирчин Т.Түвшинтулга нарын барилдаан дуусах үед шүүгчид ялалтыг Оросын тамирчинд өгснөөр энэ маргаан дэгдсэн юм. Энэ талаар тэмцээний Ерөнхий шүүгч Салтан Засеев "Энэ бол тэгж их дуулиан шуугиан тарих асуудал байгаагүй. Бүх зүйл дүрмийн дагуу явагдсан. Харамсалтай нь Монголын дасгалжуулагч тэмцээний шинэ дүрмийг мэдэхгүйд байгаа юм. Шүүгчид тамирчдад ижил оноо өгсөн, ялагдаж байгаа тал шоо хаясан бол энэ нөхцөл байдлыг Дэлхийн Бөхийн нэгдсэн холбооны төлөөлөгчид хянан үзэх ёстой. Бид маргаантай барилдааны видео бичлэгийг үзсэн. Шүүгч шоо хаях үед барилдаан дуусахад ердөө хоёрхон секунд үлдсэн байсан. Бид энэ барилдааныг шударга шүүсэн гэж үзэж байгаа. Монголчууд дандаа л ийм маргаан дэгдээж байдаг. Бид Монголчуудын энэ занд бараг дасч дээ. Жил болгон л ийм байдал гаргаж байдаг. Үзэгчид ч гэсэн шинэ дүрмийг мэдэхгүй байсан учраас тэмцээний тайлбарлагчдаас шинэ дүрэм тайлбарлахыг би хүссэн” гэв. Энэ нөхцөл байдлаас шалтгаалан манай улсын Чөлөөт бөхийн холбоо 5000 швейцарь франкийн торгууль хүлээхээр болж байна.
Монголын Чөлөөт бөхийн холбоо 5000 швейцарь франкийн торгууль хүлээлээ | ||
Үзсэн: 655 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.