
Хоёр хоногийн өмнө ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Сириэс цэргийн гол бие бүрэлдэхүүнээ эргүүлэн татахаа мэдэгдсэн. Энэ дагуу өчигдөр ОХУ-ын Сири дэх баазад байрлаж байсан байлдааны нисэх онгоцууд эх орондоо буцжээ. Өнгөрсөн оны есдүгээр сард ОХУ Сирид агаарын цэргийн ажиллагаа эхлүүлснээр нөхцөл байдлыг Сирийн Ерөнхийлөгч Башар Асадад ашигтайгаар эргүүлсэн гэж олон орны шинжээч дүгнэж байгаа юм.
Үүнийг ч нотолж сүүлийн саруудад Сирийн Засгийн газрын цэргүүд сөрөг хүчний босогчид болон алан хядагчдаас газар нутгаа чөлөөлж эхэлсэн. Үүний араас ОХУ, АНУ-тай хамтран Сирид гал зогсоох түр хэлэлцээр санаачилсан нь одоо тус улсын нутаг дэвсгэрт хэрэгжиж байна. Ийнхүү Сирид гал зогсоож, энхийн яриа хэлэлцээ зохион байгуулах суурь нөхцлийг бүрдүүлснээр ОХУ Сирид агаарын цэргийн ажиллагаа явуулах болсон гол зорилгоо биелүүлсэн гэж Ерөнхийлөгч Владимир Путин мэдэгдсэн юм.
Улмаар Сирид агаарын цэргийн ажиллагаа явуулж байгаа АНУ болон бусад оронд урьдчилан мэдэгдэлгүй гаргасан түүний гэнэтийн шийдвэрийн дагуу өчигдөр Оросын байлдааны нисэх онгоцууд Сириэс нутаг буцсан байна. НҮБ-ын Сирийн асуудал хариуцсан тусгай төлөөлөгч Стафан де Мистура Оросын энэ шийдвэр Сирид энх тайван тогтоох яриа хэлэлцээ үр дүнд хүрэхэд тус нэмэр болно гэж найдаж байна.
Даваа гарагт эхэлсэн Сирид энх тайван тогтоох хэлэлцээний хоёр дахь үе шат гурав дахь хоногтоо үргэлжилж байгаа юм. Гэхдээ Сири дэх Оросын агаарын цэргийн бааз үйл ажиллагаагаа үргэлжлүүлнэ. Мөн тус баазад үлдсэн цөөн тооны байлдааны нисэх онгоц алан хядагчдын байршлуудад агаарын цохилт өгсөн хэвээр байна гэдгийг Оросын батлан хамгаалахын дэд сайд мэдэгдлээ.
Сири дэх ОХУ-ын байлдааны нисэх онгоцууд нутаг буцаж эхэллээ | ||
Үзсэн: 774 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.