
Өнгөрсөн 11 дүгээр сард Францын нийслэл Парис хотноо болсон цуврал халдлагатай холбогдсон мөрдлөг шалгалт Бельгид үргэлжилж байна. Тус халдлагыг Франц, Бельги улсын иргэншилтэй, "Исламын улс" бүлэглэлтэй холбоо бүхий этгээдүүд үйлдсэн. Иймээс халдлагыг зохион байгуулахад гар бие оролцсон сэжигтнүүд болон тэдний хамсаатнуудыг олж илрүүлэхээр Бельгийн цагдаа нар ажиллаж байна.
Энэ хүрээнд өчигдөр Бельгийн нийслэл Брюссель хотын нэгэн барилгад нэгжлэг хийх үеэр, барилгад байсан этгээдүүд цагдаа нарын эсрэг гал нээж, 3 цагдааг шархдуулсан байна. Цагдаа нарын хариу галд өртөн нэг сэжигтэн этгээд амь үрэгдсэн бол түүнтэй хамт байсан 2 сэжигтэн барилгаас зугтаж амжсан талаар орон нутгийн хэвлэл мэдээлж байна.
Буудалцаан болсон тус барилга нь Брюссель, Парисыг холбосон томоохон галт тэрэгний замын ойролцоо оршдог. Сэжигтэй этгээдүүд зугтсаны дараа цагдаа нар барилгын ойролцоох хэсгийг бүслэлтэд авч, 5 цагийн турш нэгжиж шалгажээ. Энэ үеэр тухайн бүс дэх оршин суугчдыг орон гэрээсээ гарахгүй байхыг зөвлөж, дунд сургуулийн сурагчдыг тараалгүй, сургуульд нь байлгасан байна. Гэхдээ нэгжлэгээс ямар нэг сэжиг бүхий зүйл илрээгүй тул дунд сургуулиудаас сурагчдыг аюулгүйн хүчнийхэн хамгаалан гаргаж, оршин суугчдыг орон гэрээсээ гарахыг зөвшөөрчээ.
Барилгад нэгжлэг хийх тусгай ажиллагаанд Францын цагдаа нар хамтран оролцсон талаар Францын дотоод хэргийн сайд Бернар Казнев мэдэгдлээ. Үргэлжлэн явагдаж байгаа мөрдлөг шалгалтаас үзэхэд 11 дүгээр сард 130 хүний амийг авч одсон алан хядах ажиллагааг нарийн бэлтгэл, төлөвлөгөөнд суурилан зохион байгуулсан гэж холбогдох албаныхан үзэж байна. Халдлагыг зохион байгуулсан гол сэжигтэн Салах Абдеслам одоог хүртэл эрэн сурвалжлагдаж байгаа юм. Түүнд туслалцаа үзүүлсэн хэргээр Бельгийн цагдаа нар 10 хүнийг баривчлан саатуулаад байна.
Нэгжлэг хийх үеэр цагдаа нарын эсрэг гал нээжээ | ||
Үзсэн: 837 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.