Шууд Chart

“АльфаГо” програм го даамын их мастерыг дөрвөн хожлоор буулган авлаа

2016-03-17 11:45:05

Эртний хөлөгт тоглоом го дааманд хиймэл оюун ухаан, хүн хоёрын аль нь ялалт байгуулахыг үзэх ширүүн өрсөлдөөн өнгөрсөн хоногуудад өрнөлөө. Энэ өрсөлдөөнд Өмнөд Солонгосын го даамын их мастер, олон улсад чансаагаараа хоёрдугаарт эрэмбэлэгддэг И Седоль "Гүүгл" корпорацийн хөгжүүлсэн “АльфаГо” програмын эсрэг таван удаа хүч үзсэн байна.

Мягмар гарагт Сөүл хотод болсон хамгийн сүүлийн тоглолт таван цаг үргэлжилж, "Гүүгл"-ийн хөгжүүлсэн хиймэл ухаан дахин нэг удаа ялалт байгууллаа. Ингэснээр хоёр талын нийт тоглосон 5 өргийн 4-т ялсан дүнгээр “АльфаГо” програм  бооцооны 1 сая америк долларын шагналыг хожжээ.

Го даамын их мастер И Седоль өнгөрсөн 7 хоногт “АльфаГо”-д 3 дараалан ялагдал хүлээсний дараа ням гарагт тоглосон өрөгт анх удаа хиймэл оюун ухааныг илүүрхэн, ялалт байгуулсан юм. Өчигдөр сүүлчийн өрөг эхлэхэд ч И Седоль илүүрхэж байсан боловч тоглолтын дунд хэсгээс "Гүүгл"-ийн хиймэл ухаан нөхцөл байдлыг өөртөө ашигтайгаар эргүүлж, И Седолийг буулган авчээ.

Шатар тоглогч дээд тал нь 20 гаруй нүүдлээс сонгон нүүдэллэдэг. Харин го даамын хөлөг 19х19 нүдтэй учраас тоглогч нүүдэл хийх 200 гаруй боломжоос оновчтойг нь сонгох шаардлага тулгардаг байна. Иймээс өмнө нь цэвэр компьютер тооцооллоор го дааманд хожих боломж бараг үгүй гэж мэргэжилтнүүд үзэж байсан.

Гэвч го дааманд компьютерууд ялах боломжтойг нэгдүгээр сард Европ тивийн аварга мэргэжлийн тоглогчтой хүч үзэж, ялалт байгуулсан “АльфаГо” програм нотлон харуулсан. Улмаар тус програм амжилтаа бататган Өмнөд Солонгосын го даамын их мастерыг ийнхүү буулгаж авчээ. Бооцооноос хожсон 1 сая доллараа "Гүүгл" корпораци НҮБ-ын Хүүхдийн сан болон бусад олон улсын байгууллагад хуваан хандивлах юм байна. Цаашид мөн “АльфаГо” програмыг улам бүр төгөлдөржүүлэхээр төлөвлөж байгаагаа тус корпораци мэдэгдлээ.

Нийтэлсэн: Э.Энхрэл

“АльфаГо” програм го даамын их мастерыг дөрвөн хожлоор буулган авлаа  
Үзсэн: 1025 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй