
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама тус улсын давж заалдах шатны шүүхэд олон жил хүчин зүтгэсэн Меррик Гарландыг дээд шүүхийн шүүгчид томилохоор нэр дэвшүүллээ. Өнгөрсөн сард АНУ-ын Дээд шүүхийн 9 шүүгчийн нэг болох Антонин Скалиа таалал төгссөний дараа түүний орыг залгах шүүгчийг Барак Обама нэр дэвшүүлж байгаа нь энэ юм. Одоо 63 настай Меррик Гарланд салбартаа нэр хүндтэй, Бүгд найрамдах намынхны зүгээс ч магтаал дэмжлэг хүлээж явсан. Меррик Гарланд Харвардын их сургуулийн хуулийн ангийг төгссөн, одоо Вашингтоны холбооны давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгчээр ажиллаж байгаа.
Гэхдээ түүнийг томилох шийдвэр Сенатаар дэмжигдсэн нөхцөлд л Меррик Гарланд Дээд шүүхэд хүчин зүтгэх боломж нээгдэнэ. Харин Бүгд найрамдах намын хууль тогтоогчид Дээд шүүхийн шинэ шүүгчийг Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа томилуулахаар хичээх төлөвтэй байна. Учир нь ирэх 11 дүгээр сарын сонгуулиар Бүгд найрамдах намын нэр дэвшигч АНУ-ын дараагийн Ерөнхийлөгчөөр сонгогдвол консервативууд Дээд шүүхийн шүүгчийг томилох эрх нээгдэх юм. Шүүгч Скалиаг таалал төгсөхөөс өмнө АНУ-ын Дээд шүүхийн 9 гишүүний 5 нь Бүгд найрамдах намын Ерөнхийлөгч нарын сонгосон консерватив үзэлтнүүд байсан. Улмаар Дээд шүүх дэх олонхийн байр сууриа ашиглан консервативууд уур амьсгалын өөрчлөлт, цагаачлалын асуудлаарх Обамагийн засаг захиргааны хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлуудыг зогсоож байжээ.
Харин түүнийг таалал төгссөний дараа Дээд шүүхийн бүрэлдэхүүн дэх либерал болон консерватив үзэлтэй гишүүдийн тоо 4, 4 болж тэнцжээ. Вашингтоны давж заалдах шатны шүүхийн шүүгч Меррик Гарланд хоёр намын аль алиных нь хүндэтгэлийг хүлээсэн хүн учраас Дээд шүүхийн шүүгчээр томилогдоход хамгийн тохирох нэр дэвшигч гэж Обама үзэж байгаа юм. Тэрээр АНУ-ын Дээд шүүхэд Скалиагийн халааг авах шүүгчийг томилох чухал асуудлыг цаг алдалгүй шийдвэрлэхийг Бүгд найрамдах намын хууль тогтоогчдод уриалсан байна.
Обама АНУ-ын дээд шүүхийн шүүгчид Меррик Гарландын нэрийг дэвшүүллээ | ||
Үзсэн: 716 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.