Шууд Chart

АНУ-ын иргэнд 15 жилийн хүнд хөдөлмөр эрхлэх ял оноолоо

2016-03-18 12:51:14

АНУ-ын иргэдийг ашиглан улс төрийн зорилгоо гүйцэлдүүлэхийг санаархаж байна хэмээн Умард Солонгосыг Цагаан ордон эрс буруушаажээ. БНАСАУ-д аялж байсан АНУ-ын иргэн Отто Вомбиер Умард Солонгосын төрийн эсрэг гэмт хэрэг үйлдсэнд буруутгагдан, 15 жил хүнд хөдөлмөр эрхлэх ял сонссонтой энэ нь холбоотой. Виржиниагийн их сургуулийн оюутан, одоо 21 настай Отто Вомбиер Пхеньян дахь зочид буудлынхаа өрөөнөөс улс төрийн уриа үг бүхий зурагт хуудсыг хулгайлахаар оролдсон хэргээр өнгөрсөн нэгдүгээр сард баривчлагдаж, өнөөг хүртэл саатуулагдаж байсан юм.

Умард Солонгосын төрийн мэдлийн төв телевизийн мэдээлснээр Отто Вомбиер Умард Солонгосын ард түмний нэгдмэл байдлыг алдагдуулах зорилготой ноцтой гэмт хэрэг үйлдсэн зүйл ангиар тус улсын дээд шүүхээс өчигдөр ял сонссон байна. АНУ шүүхийн энэ шийдвэрийг хэт хүндэдсэн гэж үзэж, Вомбиерт нэн даруй өршөөл үзүүлэн, суллахыг уриаллаа. Өнгөрсөн саруудад хийсэн цөмийн болон пуужингийн туршилттай нь холбогдуулан Умард Солонгосын эсрэг олон улс чанга хатуу нэмэлт хориг арга хэмжээ тогтоосон.

Харин энэ цаг үед Умард Солонгосын эрх баригчид Америкийн иргэнээр дамжуулан өөрсдийн улс төрийн зорилгоо биелүүлэхээр санаархаж байна гэж өрнөдийн хэвлэлүүд дүгнэж байна. Өмнө нь Умард Солонгос улс төрийн зорилготойгоор цөөнгүй удаа гадаадын иргэдийг баривчлан, ял оноож байсан талаар Би-Би-Си агентлаг уламжилж байгаа юм. Тус агентлагийн мэдээллээс үзэхэд, өмнө нь Умардад ял сонсож байсан гадаад иргэдийнхтэй харьцуулахад Вомбиерт илүү хүнд ял оноосон байна.

Үүнийг ажиглагчид Умард Солонгос, АНУ-ын харилцаанд үүссэн хурцадмал байдалтай холбон тайлбарлаж байна. Мөн энэ хэрэг явдалтай холбогдуулан АНУ аюулгүй байдлын үүднээс өөрийн иргэдийг Умардад зорчихгүй байхыг зөвлөжээ.

Нийтэлсэн: Э.Энхрэл

АНУ-ын иргэнд 15 жилийн хүнд хөдөлмөр эрхлэх ял оноолоо  
Үзсэн: 1443 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.21.112.xxx [202.21.112.xxx] 2016-03-18 13:25
энэ арай дэндүү хатуу ял шийтгэл бна аа. Нэг муу зурагт хуудас хулгайлахаар оролдсоны төлөө 15 жилийн хүнд хөдөлмөрийн ял өгнө гэж юу гэсэн үг вэ. Энэ хойд солонгосын тэнэгүүд арай даварч байгаа юм биш үү. Гэтэл манай Монгол бол гэмт хэрэгтнүүдэд диваажин юм дөө. Жишээ нь, улсын 14 тэрбум төгрөгийг шамшигдуулсан Чимэдцэрэн гэхэд 4-5 жил суусан болоод л гараад ирсэн ш дээ. Хэрвээ Монголд зурагт хуудас хулгайлбал ял өгөхгүй, бараг торгохгүй дээ. Хохирол нь тэдэн мянга хүрээгүй байна гээд суллаад явуулчихна. Хойд Солонгосыг яах вэ? Америкийн иргэн гэдгээр нь өмөөрч бгаа юм биш шүү, тэнд хүний эрхийг арай дэндүү зөрчиж бна ш дээ. Монголчууд аа, Пхеньяныг бүү зүглэ.

Бидэнтэй нэгдээрэй