
Канад улс НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын бус гишүүнд нэр дэвшихээр төлөвлөж байгааг тус улсын ерөнхий сайд Жастин Трюдо өчигдөр мэдэгдлээ. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн 15 гишүүн орны 5 нь байнгын, 10 нь байнгын бус статустай байдаг. Харин Канад улс НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд нэрээ дэвшүүлж, 2021-2022 оны хооронд зөвлөлийн байнгын бус гишүүнээр ажиллахыг зорьж байна.
Канад өмнө нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын бус гишүүнээр 6 удаа сонгогдож байсан. Гэхдээ сүүлчийн удаад, 2010 онд консерватив үзэлт Стивен Харперын засаг захиргаа энэ сонгуульд шившигтэйгээр ялагдал хүлээсэн юм. Канад 2020 оны сонгуульд НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын бус 5 гишүүний нэгээр тодрохын тулд олон сая долларын кампанит ажил хэрэгжүүлэх шаардлагатай болно гэдгийг шинжээчид хэлж байна.
Мөн олон улсын харилцаанд зуучлагчийн үүрэг гүйцэтгэж чадахаа нотлон харуулахын тулд Канадын одоогийн ерөнхий сайд Жастин Трюдо консервативчуудын засаг захиргааны үед ОХУ-ын эсрэг баримталж байсан хатуу байр суурийг зөөлрүүлэх шаардлагатай болох юм. Та бүхэнд эргэн сануулахад, НҮБ-ын дүрмээр жил бүр НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын бус гишүүний сонгууль явагддаг.
Энэ сонгуулийн үр дүнд хоёр жилийн бүрэн эрхийн хугацаа нь дууссан 5 байнгын бус гишүүн сэлгэх байдлаар халаагаа өгдөг уламжлалтай юм. Жил бүр сулардаг 5 суудалд гишүүн орнууд газар зүйн хуваарилалтын дагуу нэрээ дэвшүүлж, Ерөнхий Ассамблейн санал хураалтаар сонгогддог байна. Харин Канад энэ бүсчлэлийн дагуу Баруун Европын болон бусад орнууд гэх хэсгээс нэр дэвшихээр төлөвлөж байгаа юм.
Канад НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын бус гишүүнд нэр дэвшинэ | ||
Үзсэн: 609 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.