Шууд Chart

"Исламын улс" бүлэглэл геноцид үйлдсэн гэж Жон Керри мэдэгдэв

2016-03-18 15:12:34

"Исламын улс" алан хядагч бүлэглэл езиды, христ болон исламын шашны шийт урсгалыг дагагчдын эсрэг геноцид /төрлөөр устгах гэмт хэрэг/ үйлдсэн гэж АНУ үзэж байна. "Исламын улс" бүлэглэл өөрсдийгөө тунхагласан байдал, үзэл санаа, үйл ажиллагаа нь бүгд "Исламын улс" бүлэглэл геноцид үйлдэгч гэдгийг харуулж байна гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри мэдэгджээ.

Түүний энэ мэдэгдэлтэй холбоотойгоор АНУ-ын Ойрхи Дорнод руу чиглэсэн бодлогод өөрчлөлт орох эсэх нь тодорхойгүй байна. Гэхдээ Жон Керри дээрх мэдэгдлийг хийснийхээ дараа геноцид үйлдсэн гэм буруутай этгээдүүдэд зохих хариуцлагыг нь хүлээлгэхийн тулд олон улсын зүгээс хараат бус мөрдлөг шалгалт эхлүүлэхийг уриалжээ. "Исламын улс" бүлэглэлийн үйлдсэн хэргийг геноцид болохыг тодорхойлоход амархан. Гэхдээ эдгээр хэргийг таслан зогсоох л хэцүү гэж Керри мэдэгдэлдээ дурдлаа. Үүнээс гадна Сири, Иракт хяналтандаа авсан газар нутагтаа хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг үйлдэж, угсаа гарлаар нь хоморголон устгасан хэрэгт Жон Керри "Исламын улс" бүлэглэлийг буруутгасан байна. Тэрээр энэ дүгнэлтээ АНУ-ын төрийн департамент, тагнуулын баг бүрэлдэхүүн болон бусад эх сурвалжийн цуглуулсан хангалттай тооны нотлох баримтан дээр үндэслэн хийсэн гэж тайлбарлаж байна.

Эдгээрийн дотор "Исламын улс" бүлэглэл Иракийн езиды овгийнхны эсрэг харгислал үйлдэж, овгийн олон зуун эрэгтэйчүүдийг хүйс тэмтрэн, мянга мянган эмэгтэйг барьцаалсныг нотлох олон баримт багтаж байгаа юм. Үүнээс гадна Иракийн хойд хэсэг болон Ливийн нутаг дэвсгэрт амьдарч байсан Христийн шашинтнууд болон Ирак дахь исламын шашны шийт урсгалыг дагагчдыг "Исламын улс" бүлэглэлийн дайчид хөнөөсөн тухай баримтыг Жон Керри мөн онцолсон. Гэхдээ "Исламын улс" бүлэглэлийн хяналтад байгаа газар нутагт эдүгээ нөхцөл байдал ямар байгаа талаар АНУ-д бүрэн гүйцэд мэдээлэл байхгүй гэдгийг АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга мөн дурджээ.

Нийтэлсэн: Э.Энхрэл

"Исламын улс" бүлэглэл геноцид үйлдсэн гэж Жон Керри мэдэгдэв  
Үзсэн: 609 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй