Шууд Chart

Брюссельд Европын холбооны удирдагчид дүрвэгчдийн асуудлаар хуралдаж байна

2016-03-18 15:19:06

Өчигдөр Европын холбооны гишүүн орнуудын удирдагчид Грекийг зорих цагаач дүрвэгчдийн цувааг зогсоох талаар Туркийн эрх баригчидтай хэлэлцээрт хүрэхээр Брюссельд хуран цуглалаа. Өнгөрсөн долоо хоногт Европ-Туркийн дээд хэмжээний уулзалтын үеэр Туркийн эрх баригчид өөрийнх нь нутаг дэвсгэрт байгаа Сирийн дүрвэгчдэд Европын холбоо тусламж үзүүлэх төсвөө нэмэгдүүлэх, мөн тус холбоонд Турк гишүүнчлэх тухай яриа хэлэлцээг эрчимжүүлэх болон бусад нөхцөлийг зөвшөөрсөн тохиолдолд Туркээс Грек рүү хүрч очсон дүрвэгчдийг буцаан авч, хилийн хяналтаа чангатгахад бэлэн гэдгээ мэдэгдсэн юм.

Энэ саналын талаар байр сууриа нэгтгэх нь өчигдрийн уулзалтын гол зорилго байлаа. Европын удирдагчид Туркийн тавьсан саналыг хүлээн авч, тус улстай гэрээ байгуулахыг дипломатууддаа даалгасан тухай "Ройтерс" агентлаг мэдээлж байна. Өнөөдөр Европын зөвлөлийн тэргүүн Дональд Туск хэлэлцээ хийх багийг алхлан Туркийн ерөнхий сайд Ахмет Даву-Тоглутай уулзаж, Европын холбооны 28 орны удирдагчдыг оролцуулан үдийн зоог зохион байгуулна. Гэхдээ энэ уулзалтаар байгуулж магадгүй гэрээ олон улсын хүний эрхийн хууль тогтоомжид нийцэх эсэхэд зарим орны удирдагч эргэлзэж байна.

Өмнө нь НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд комиссарын газар Европт очсон дүрвэгсдийг Туркт буцаах тухай асуудал дүрвэгчдийн орогнол эрэх олон улсын гэрээ конвенциор хамгаалагдсан суурь эрхийг зөрчиж магадгүйг анхааруулсан юм. Иймээс Турк руу буцсан цагаач дүрвэгчдийн эрхийг хамгаалах тухай асуудал хурцаар хөндөгдөж байна. Үүнээс гадна гэрээнд Туркийг Европын холбоонд элсүүлэх яриа хэлэлцээг түргэвчлэх тухай тусгавал Кипр улс энэ гэрээг дагаж мөрдөхгүй гэдгээ илэрхийлсэн байна.

Киприйн умард хагаст 1983 онд тусгаар тогтнолоо зарласан Умард Киприйг албан ёсоор улс гэж хүлээн зөвшөөрсөн цор ганц орон бол Турк. Үүнтэй холбоотойгоор Турк Киприйн бараа бүтээгдэхүүнийг өөрийн боомтууд болон нисэх онгоцны буудлуудаар нэвтрүүлдэггүй юм. Энэ хоригоо цуцлаагүй нөхцөлд Туркийн Европын холбоонд гишүүнчлэх асуудлыг Кипр эсэргүүцнэ гэдгээ өчигдөр анхааруулсан байна.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Брюссельд Европын холбооны удирдагчид дүрвэгчдийн асуудлаар хуралдаж байна  
Үзсэн: 616 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй