Шууд Chart

Бразилын шүүх Лула да Силваг Тамгын газрын даргаар томилсон томилгоог цуцлав

2016-03-18 15:25:52

Бразилын Ерөнхийлөгч асан Лула да Силваг тус улсын одоогийн Ерөнхийлөгч Дилма Русеф Тамгын газрын даргын албан тушаалд томилсон. Гэхдээ Лула Да Силвагийн эсрэг явуулж байгаа авлига, хээл хахуулийн хэргийн мөрдөн шалгалтад саад учруулж болзошгүй гэж үзсэн учир холбооны шүүхээс тус томилгоог зогсоожээ. Лула Да Силва нь 2003-2011 оны хооронд төрийн тэргүүнээр ажиллаж байсан бөгөөд 2018 онд болох Ерөнхийлөгчийн сонгуульд эрх баригч хөдөлмөрчдийн намаас нэр дэвшин ялалт байгуулах хамгийн өндөр магадлалтай улс төрчид тооцогддог юм.

Гэвч өнгөрсөн 7 хоногт Сан Паулу хотын прокурорын газраас Лула Да Силваг хөрөнгө мөнгөө нуун дарагдуулсан, мөнгө угаасан, худал мэдээлэл өгсөн хэргээр буруутгаж байгаагаа мэдэгдэж, шүүхээс баривчлах зөвшөөрөл хүссэн. Мөн Бразилийн Холбооны цагдаагийн газраас түүнийг нефтийн Петробрас компаниас авлига авсан хэмээн сэжиглэж энэ сарын эхээр гэрт нь нэгжлэг хийсэн юм.

Лула да Силва Тамгын даргын албан тушаалаа хүлээн авч, тангараг өргөх ёслолын үеэр Бразилийн сөрөг хүчнийхэн, иргэд олон нийт эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан байна. Жагсаал цуглаан Бразилын нийслэл хотод төдийгүй бусад хотуудад ч өргөн хүрээтэй болж байгааг олон улсын хэвлэл мэдээллүүд онцолж байна. Жагсагчид Ерөнхийлөгч Дилма Русефт итгэл үзүүлэх эсэх санал хураалт явуулахыг, өөрөөр хэлбэл, огцруулахыг шаардаж байгаагийн зэрэгцээ Ерөнхийлөгч асан Сильваг баривчилж хорихыг шаардацгааж байна.

Эсэргүүцлийн хөдөлгөөн өнгөрсөн даваа гарагаас эхэлсэн ч хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Русеф, Сильва нарын ярианы бичлэгийг дэлгэсний дараа оролцогчдынх нь тоо улам нэмэгдээд байна. Энд Дилма Русеф төрийн мэдлийн нефтийн Петробас компанийн авлигын хэрэгт нэр холбогдсон Силвад шаардлагатай тохиолдолд ашиглаж болох томилгоо бүхий баримт бичиг илгээх тухай ярьсан нь бичигджээ. Мөрдөгчид болон сөрөг хүчнийхэн Русеф Ерөнхийлөгчийг улс төрийн загалмайлсан эцэг гэгддэг Силвагаа Засгийн газрын гол албан тушаалд томилж, шоронд суухаас хамгаалах гэсний баталгаа нь энэ бичлэг хэмээн тайлбарлаж байгаа юм.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Бразилын шүүх Лула да Силваг Тамгын газрын даргаар томилсон томилгоог цуцлав   
Үзсэн: 643 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй