Өдгөө бидний оршин амьдарч буй энэхүү цэнхэр гараг дээр хүн төрөлхтний тайлж амжаагүй зүйл олон байна. Тэдний нэг нь XIX зуунд Европт тархсан Маяа хүний болор толгойн ясны тухай нэгэн домог юм. Тэрхүү домогт эртний индианчуудын үлдээсэн нэгэн гэрээслэлд үхлийн бурхад нэртэй 13 ширхэг болор гавал энэ ертөнцийн хэрэгтэй гэсэн газраа хатуу чанд хадгалагдаж байгаа тухай өгүүлжээ. Үүнээс үүдсэн болор гавлын эрэлд олон эрдэмтэн судлаач, адал явдал хайгчид сэтгэл шулуудан орсон аж. Зарим нь ч амжилттайгаар төгссөн байдаг.
Нэгэн болор гавал олдсон түүхийг сөхье. 1927 оны дөрөвдүгээр сар. Тэр үед Төв Америкийн “Болор“ хэмээх нэртэй нэгэн шугуйд малталт хийж байсан Ф.Альберт Митчелл Хеднисийн шинжилгээний анги ажлаа хөнгөвчлөхийн тулд хуучин хот байсан болов уу гэмээр хад чулуу бүхий 33 га газрын өвс ургамлыг шатаан цэвэрлэжээ. Зөөлөн салхинд зориудаар түймэр тавьсан газрын утаа намжихад тэдний өмнө нүдээр хараагүй бол хүн итгэхийн аргагүй дүр зураг тодорчээ.

/Зураг 1: Лубаантун хотын туурь/

/Зураг 2: Лубаантун хотын туурийн өнөөгийн байдал/
Тус хотын хана хэрэм, дутуу нурсан пирамид, олон мянган үзэгч багтаж байсан болов уу гэмээр театр гээд бүхэл бүтэн хотын туурь гарч иржээ. Хеднис энэхүү хотод “Лубаантун” гэж нэр өгөв. Ингээд тэр хотын туурин дор чухам юу нуугдаж байгааг нээх ажилд археологчид орлоо. Судалгааны ажил гурав дахь жилдээ явж байхад Хеднис нэг удаагийнхаа томилолтод охин Аннагаа авч явахаар шийджээ. Тэр үед Анна яг 17 нас хүрсэн жил байлаа.

/Зураг 3: Митчелл Хеднисийн охин Аннагийн олсон гэх болор гавал/
Төрсөн өдрөөрөө эртний хотын эвдэрч нурсан туурийг сонирхож явсан охин шил мэт тунгалаг зүйлээр хийсэн гоёмсог бяцхан баримал олсон байна. Энэ бол хүний толгойн хэмжээтэй, уулын цэвэр болроор хийсэн хохимой байлаа. Гэхдээ доод эрүү нь алга байв. Гурван сарын дараа Анна хохимой олсон газрын ойролцоогоос гавлын доод эрүү гэмээр болор зүйл олсон байна. Ингээд эрүү болоод гавлын хэсгийг хооронд нь нийлүүлэхэд яв цав таарсан төдийгүй холбоосыг маш нарийн хийснээс шүргэх төдийд гавал нь дэнжигнэн хөдөлж байжээ. Тэрхүү гавлын ясны урт нь 17 см, өргөн болон өндөр нь тус бүр 12 cм, жин нь 5 кг байжээ.
Дэлхий дээрх болор гавлын олдвор Эртний Ацтек, Инк, Майя омгийнхны соёл иргэншил тархаж байсан нутаг болох өдгөөгийн Мексик, Төв, Өмнөд Америк тивээс ихэвчлэн олддог. Мөн эртний индианчуудын хойч үеийнхэндээ захиж үлдээсэн үхлийн бурхад Франц, Монгол, Төвд гэсэн Ази, Америк, Европын хэд хэдэн улсын музей болон архив, хувь хүнд хадгалагдаж байдгийг олж тогтоосон гэх баримт бий.

/Зураг 4: Өдгөө Их Британийн нэгэн музейд хадгалагдаж буй болор гавал. Энэ гавлыг Ацтекийн нэгэн хотын тууриас олсон аж/
Эдгээр гавлууд нь шинжлэх ухааны үүднээс 1000 жилийн настай байх магадлалыг эрдэмтэд дэвшүүлсэн байдаг. Болор гавлыг чухам хэдийд бүтээснийг тодорхойлох бэрхшээлтэй байдаг. Учир нь Кварцийн насыг тодорхойлох аргагүй бөгөөд радио нүүрс усны аргыг энэ тохиолдолд ашигладаггүй аж. Анхны гавал 1924 онд Юкотан хойгийн ширэнгэн ойн дундах эртний Майя омгийн Лубаатун хотын балгаснаас олдсон ба археологич Ф.А.Митчелл Хежес олсныг түүний нэрээр түүхэнд тэмдэглэн үлдээсэн байна.
Уг гавлыг 1960 онд урлаг судлаач Ф.Дорланд нарийн судалгаа хийж 152,4х203, 2х152,4 см хэмжээтэй 5,13 кг жинтэй болохыг тогтоосон байна. Мөн гавлын арын хэсэгт призм, сувгийн систем байгааг илрүүлсэн байна. Энэхүү системийн ард лаа болон бусад гэрлийн эх үүсвэрийг тавихад гавлын нүдний суурь нүхэнд гэрэл гарах аж. Тэгэхээр баяр ёслолд зориулан бүтээсэн байх магадлалыг тэрээр дэвшүүлжээ.

/Зураг 5: Болор гавлын цуглуулга/
Түүнийг бүтээсэн гадаргууд металл зүйлээр боловсруулсан ул мөр байхгүй, нууц нь бидэнд өвлөгдөөгүй, өнгөлгөөний өтгөн байж болох гэнэ. Хамгийн энгийн тооцоогоор индианчууд ийм аргаар өнгөлөхөд 300 жилээс доошгүй хугацааг шаардах аж.
Ф.Дорланд 1970 онд уг гавлыг Кварцийн үүсгүүр үйлдвэрлэлтээр тэргүүлдэг "Хьюлетт-Паккарт" фирмийн мэргэжилтнүүдэд үзүүлсэн аж. Фирмийн инженер Л.Барре "Бид гавлыг гурван дурангийн тэнхлэгээр судлахад 3-4 ургацаас бүтсэн, нэг цул болроос доод эрүүний хамт тасдан авсан байна. Моосын шаталбараар болор болон бусад алмаз төрлийн дараа ордог хатуужилт 7-той тэнцэнэ. Болрыг алмазаас өөр юу ч дийлэхгүй боловч эртний хүмүүс үүнийг чадаж, доод эрүүг толгойтой холбон өлгөж өгсөн нь үнэхээр гайхалтай.
Хутганы үзүүрээр дарахад бяцрах тул эртний хүмүүс таслах явцад ямар нэгэн металл зүйлээр хөндөөгүй байна" гэсэн байна. Харин экспертүүд "Ийм зүйл энэ ертөнц дээр байх ёсгүй. Түүнийг бүтээгч криссталлограф болон тэгш хэмийн тэнхлэгийн тухай ямар ч ойлголтгүй хүмүүс үүнийг бүтээх боломжгүй. Учир нь боловсруулах явцад бяцран унах учиртай" хэмээсэн нь "Харь гарагийнхны бүтээл" хэмээх далд санааг агуулсан байдаг. Энэхүү санаа нь "Michell Hedges" гавлын дотор сансрын голограмм нэг илэрч, нэг алга болж харагдсанаас үүдэлтэй аж. Болор гавлын эрэл үргэлжилсээр...
| Шунал дуудсан болор гавлын нууц үргэлжилсээр... | ||
| Үзсэн: 4425 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.