Шууд Chart

Куба улсад хийх АНУ-ын ерөнхийлөгчийн айлчлал маргааш эхэлнэ

2016-03-19 11:39:19

АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамагийн Куба улс дахь айлчлал энэ ням гарагт эхэлнэ. Куба улсад хийж байгаа АНУ-ын ерөнхийлөгчийн сүүлийн 88 жил дэх анхны айлчлал гэдгээр нь Обамагийн энэ айлчлалд 2 орон ихээхэн ач холбогдол өгч, бэлтгэж байна. Ерөнхийлөгчийнхөө Куба дахь айлчлалыг угтан АНУ-ын засаг захиргаа Кубын эсрэг тогтоосон хориг арга хэмжээгээ зөөлрүүлж, арилжааны нислэг болон шуудан харилцаагаа сэргээсэн.

Энэ хүрээнд АНУ-аас Куба руу илгээж байгаа сүүлийн 50 жил дэх анхны шуудангаар ерөнхийлөгч Барак Обама өөрт нь захидал илгээсэн Кубын зохиолчид хаяглан, хариу захидал илгээжээ. Кубад хийх айлчлалынхаа үеэр АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама Кубын ард түмэнд хандан үг хэлнэ. Түүний үгийг Кубын төрийн мэдлийн төв телевизээр шууд дамжуулах учраас Обама тус улсын эрх баригчид, сөрөг хүчнийхэн төдийгүй иргэн бүрт үгээ хүргэх боломж нээгдэж байна гэдгийг шинжээчид онцолж байгаа юм.

Барак Обама Кубын ард түмний дунд чамгүй нэр хүндтэй. Иймээс энэ удаад Хаванад үг хэлэхдээ Кубын ирээдүйн хөгжлийн талаар өөдрөг дүр зураг гаргаж, АНУ тус улсыг дэмжинэ гэдгээ илэрхийлбэл Кубын ард иргэдийн сэтгэлд хүрэх болов уу гэж ажиглагчид үзэж байна. Үүнээс гадна айлчлалынхаа үеэр Обама Кубын ерөнхийлөгч Рауль Кастротой уулзаж, хүндэтгэлийн зоог барина.

Хоёр удирдагч хамтран бэйсболын тоглолт үзэхээр мөн төлөвлөж байгаа юм. Үүний дараа АНУ-ын ерөнхийлөгч Кубын сөрөг хүчний төлөөлөгчидтэй уулзалт зохион байгуулах юм байна. Обамагийн Кубад хийж байгаа айлчлалыг эртэдсэн гэж АНУ-ын бүгд найрамдах намын гишүүд шүүмжилж байгаа. Гэхдээ сүүлийн үед АНУ Кубатай харилцаагаа сайжруулах арга алхмыг дэмжих хууль тогтоогчдын тоо улам бүр өсч, Бүгд найрамдах намын зарим гишүүд ч энэ асуудлыг дэмжих хандлагатай байгааг Цагаан ордон онцолж байна.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Куба улсад хийх АНУ-ын ерөнхийлөгчийн айлчлал маргааш эхэлнэ  
Үзсэн: 668 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй