Шууд Chart

Өнөөдөр Олон улсын ойн өдөр

2016-03-21 11:38:09

Өнөөдөр олон улсын ойн өдөр. Жил бүрийн энэ өдрийг ой модыг хайрлан хамгаалах өдөр болгон тэмдэглэх шийдвэрийг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 2012 оны 11 дүгээр сарын 28-ны тогтоолоор баталжээ. НҮБ-аас гаргасан тоон мэдээгээр дэлхийн 1 тэрбум 600 сая хүн, тэдний дотор уугуул нутгийн 2 мянга гаруй овог, аймаг ой модонд түшиглэн амь амьжиргаагаа залгуулж байна.

Мөн хуурай газрын нийт амьтан ургамал, шавжийн 80 гаруй хувь нь ойд нутагшдаг гэх тооцоо бий. Гэсэн хэдий ч модны экологи, эдийн засаг, нийгэм, эрүүл мэндийн энэ мэт олон үр ашгийг үл харгалзан, дэлхийн ойн нөөц асар хурдацтайгаар багасч байгааг эрдэмтэд анхааруулж байна.

Жил бүр 13 сая га ойг устаж байгаа нь дэлхийн дулаарлын үндсэн шалтгаан болсон хүлэмжийн хий ялгаруулалтын 12-20 хувийг бүрдүүлж байна. Иймээс НҮБ дэлхийн тогтвортой хөгжлийн үндэс болсон ой модыг хайрлан хамгаалахын тулд гуравдугаар сарын 21-нийг “Олон улсын ойн өдөр” болгон зарлажээ. Жил бүрийн олон улсын ойн өдөр өөрийн гэсэн онцлог уриатай байдаг. Уур амьсгалын асуудлаарх НҮБ-ын бага хурал зохион байгуулагдсан өнгөрсөн оны хувьд ойн өдрийг “Ой-Уур амьсгал-Өөрчлөлт” уриан дор тэмдэглэсэн. Энэ хүрээнд уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд ойн гүйцэтгэх үүргийг сурталчлан таниулсан юм.

Харин энэ оны хувьд “Ой ба Ус” сэдвийн дор олон улсын ойн өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байна. Дэлхийн 3 том хот тутмын 1 нь тусгай хамгаалалттай ой бүхий бүс нутгаас цэвэр усны хэрэгцээгээ хангаж байна. Ой мод байгальд ус цэвэршүүлэгч, хадгалагчийн үүрэг гүйцэтгэдэг. Өнөөдөр дэлхий дээр амьдарч байгаа 10 хүн тутмын 8 нь ундны цэвэр усаар гачигдах аюулд ойрхон байна. Иймээс НҮБ дэлхий нийтэд хандан ой модоо хайрлан хамгаалах замаар ундны усны аюулгүй байдлаа хангахыг энэ онд уриалж байгаа.

Та бүхэнд “Олон улсын ойн өдөр”-тэй холбогдуулан бас нэгэн сонирхолтой мэдээллийг хүргэхэд, Бутаны ваны гэр бүл өнгөрсөн сард угсаа залгамжлах хунтайжаа өлгийдөж авчээ. Харин энэхүү тэмдэглэлт өдрөөс нэг сарын дараа Бутаны ард түмэн 108 мянган мод тарьсан юм. Бутанчууд тарьсан модоо ханхүүгээ асран бойжуулж байгаа мэтээр хайрлан ургуулахыг зорьж байна. Дэлхий нийт баяр наадмаа тэмдэглэхдээ Бутанчуудын энэ үйл ажиллагаанаас үлгэр дуурайл аваасай гэх хүсэлтээ олон хүн илэрхийлж байгаа юм.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Өнөөдөр Олон улсын ойн өдөр  
Үзсэн: 2487 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй