Шууд Chart

Цагаач дүрвэгчдийн асуудлаарх гэрээг эсэргүүцсэн жагсаал болов

2016-03-21 11:49:11

Цагаач дүрвэгчдийн асуудлаар Турк, Европын холбооны байгуулсан гэрээ хүчин төгөлдөр үйлчилж эхэллээ. Энэ гэрээний дагуу орогнол эрэх өргөдөл гаргаагүй, эсвэл энэ өргөдөлд нь буцаагдсан цагаач дүрвэгчдийг Грекээс Турк руу буцаахаар болж байна. Гэрээний хэрэгжилтэд туслахаар аюулгүй байдал, цагаачлалын асуудал эрхэлсэн албаныхан, орчуулагчид зэрэг нийт 2300 мэргэжилтэн Грект очих юм.

Гэхдээ гэрээний зарим нөхцөлийг нарийвчлан тодорхойлох болон бусад шаардлагаас үүдэн гэрээг шууд хэрэгжүүлж эхлэх боломж хомс байгааг Грекийн холбогдох албаныхан мэдэгдлээ. Европын холбоо, Туркийн байгуулсан гэрээ нь далай,  тэнгисээр Европын холбоог зорьж, амь насаа эрсдэлд оруулж байгаа дүрвэгчдийн тоог бууруулах гол зорилготой. Үүний хариуд Туркийг  Европын холбоонд элсүүлэх яриа хэлэлцээг эрчимжүүлж, ирэх зунаас эхлэн иргэдийг нь Шенгений бүсэд визгүй зорчуулах юм.

Мөн Туркийн нутаг дэвсгэрт байгаа Сирийн дүрвэгчдэд Европын холбоо тусламж үзүүлэх төсвөө нэмэгдүүлэх, Туркт буцаасан цөөн тооны Сири дүрвэгчийг эргүүлэн Европын холбоонд шууд суурьшуулахаар болсон. Үүний хариуд Турк өчигдрөөс эхлэн өөрийн нутаг дэвсгэрээс нь Грек рүү хүрч очсон дүрвэгчдийг буцаан авч, хилийн хяналтаа чангатгах үүрэг хүлээж байна.

Гэхдээ энэ гэрээ байгуулагдсан даруйд олон улсын хүний эрхийн байгууллагууд, тэр дундаа "Эмнести Интернешнл" Европын холбоог дүрвэгчдийн хямралыг шийдвэрлэлгүй нүүр буруулсан гэж эрс шүүмжиллээ. Үүнтэй зэрэгцэн Европын олон хот, тухайлбал, Лондон, Афин, Барселона, Амстердам, Женевт олон мянган хүн цуглаж, арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийг эсэргүүцэн, цагаач дүрвэгчдийг хүлээн авахыг уриалсан жагсаал зохион байгууллаа. Мөн Грекийн нийслэлд цагаач дүрвэгчид “Хилээ нээ”, “Биднийг бүү мартаач” гэсэн уриа барин жагсчээ.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Цагаач дүрвэгчдийн асуудлаарх гэрээг эсэргүүцсэн жагсаал болов  
Үзсэн: 1008 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй