
Өдөр, шөнө тэнцэх өдөр тохиодог Наурыз буюу нарны баяр болох дөхөж байна. Иранчууд Наурызын баяраа тэмдэглэж эхэлсэн тухай "Ассошиэйтед Пресс" агентлаг мэдээлж байна. Эртний Персээс гаралтай энэ баярыг угтан Ираны удирдагчид иргэддээ хандан баярын мэндчилгээ дэвшүүлэхдээ өнгөрсөн онд 5+1 бүлэгтэй байгуулсан цөмийн хэлэлцээр дээр суурилан шинэ онд эдийн засгаа хөгжүүлэн цэцэглүүлэх боломж байгааг онцоллоо.
НҮБ-ын Ерөнхий Ассамблей гуравдугаар сарын 21-ний өдрийг “Олон улсын Наурызын өдөр” болгон зарласан байдаг. Гэхдээ энэ онд иранчууд Наурызын баяраа нэг хоногийн өмнө буюу гуравдугаар сарын 20-нд тэмдэглэж эхэлжээ. Үүнээс хойш 2 долоо хоногийн хугацаанд Ираны дийлэнх албан байгууллага, аж ахуйн нэгжүүд амарч, баяр наадмын үйл ажиллагаа зохион байгуулагдана. Иранчууд Наурызыг угтан гэр орноо сайтар цэвэрлэх зан үйл бий. Үүний дараа уламжлал ёсоор “Хафт Син” гэх ширээнд домгийн бэлгэдэл болсон 7 идээг өрж засдаг байна.
Дахин төрөхийг бэлгэдсэн үр тариа, баян чинээлэг байхыг бэлгэдсэн чихэрлэг пуддинг, хайр дурлалыг бэлгэдсэн чидун жимс, эрүүл энх байхыг ерөөн сармис, гоо үзэсгэлэнг бэлгэдэж алим, мөн нар мандах өнгийг бэлгэдсэн улбар өнгөтэй жимс, мөн урт нас, тэвчээр хатуужлыг бэлгэдэн цагаан цуу зэрэг тавгийн идээнд багтдаг юм. Эдгээр идээг өрсөн ширээг гэр бүлүүд тойрон сууж, шинэ оны хүсэл, өмнөө тавих зорилгоо хэлэлцдэг байна. Үүний зэрэгцээ жил бүрийн сүүлийн лхагва гарагт өвчин эмгэгийг хөөнө гэж үзэн гал дээгүүр харайх ёслол хийдэг юм.
Та бүхэнд сануулахад, Наурызыг улс орон, бүс нутгаас хамаарч Новруз, Науроз, Наврез, Нооруз зэрэг олон янзаар нэрлэдэг. Гэхдээ эдгээр нэр цөм перс хэлний “Ноу” буюу шинэ, “Руз” буюу өдөр гэсэн хоёр үгнээс гаралтай юм. Өдөр, шөнө тэнцэж, хавар цаг айлчлан ирэхтэй хамт шинэ он гарч байгааг тэмдэглэдэг энэ баярыг Ойрхи Дорнод, Балканы хойг, Төв Ази, Кавказ зэрэг бүс нутгийн 300 сая гаруй хүн өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлдэг байна. Түүхийн хуудсыг сөхвөл Наурызын баяр 3 мянга гаруй жилийн өмнөөс улбаатай.
Иранд Наурызын баяр эхэллээ | ||
Үзсэн: 1261 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.