Шууд Chart

"ФлайДубай" компанийн нисэх онгоцны хар хайрцгууд гэмтжээ

2016-03-21 13:30:40

Өнгөрсөн бямба гарагт ОХУ-ын өмнөд хэсэг дэх Донын Ростов хотын нисэх буудалд иргэний агаарын тээврийн “ФлайДубай” компанийн "Боинг" 737-800 онгоц буулт хийхээр оролдож байхдаа осолдсон. ОХУ, Арабын Нэгдсэн Эмират, АНУ, Францын шинжээчид хамтран тус онгоцны 2 хар хайрцаг дахь мэдээллийг тайлж уншин, ослын шалтгааныг нарийвчлан тодруулахаар ажиллаж байна.

Хар хайрцгуудыг өчигдөр Москва хотод хүргэж, шинжээчдийн багт хүлээлгэн өгчээ. Гэхдээ холбогдох албаныхны мэдээлснээр хар хайрцгууд ослын үеэр ихээхэн гэмтсэн учраас тэдэнд бичигдсэн мэдээллийн багахан хэсгийг л сэргээх боломжтой гэж үзэж байна.

Арабын Нэгдсэн Эмират улсын Дубай хотоос ОХУ-ын Донын Ростовыг чиглэн нислэг үйлдэж асан тус онгоцны нислэг хэвийн үргэлжилж байсан ч цаг уурын таагүй нөхцөл байдлаас үүдэн онгоц газардах үеэр бэрхшээл үүссэн байна. Иймээс онгоц нисэх зурваст газардах эхний оролдлогоо цуцалж, буулт хийх таатай нөхцөл бүрдэхийг хүлээн нисэх буудлын дээгүүр 2 цаг орчим нисчээ. Үүний эцэст "Боинг" буулт хийхээр 2 дахь удаагаа  оролдсон ч, нисэх зурвасын эхлэл хэсгээс 250 метрийн өмнө газардан сүйрсэн юм. Ослын үндсэн шалтгаан тодорхойгүй байгаа ч үзэгдэх орчин муу, хүчтэй салхитай байсан зэрэг нь онгоц осолдоход нөлөөлсөн байж магадгүй гэж шинжээчид үзэж байна.

Одоогоор цаг агаарын таагүй нөхцөл байдал, нисгэгчийн буруутай үйлдэл, эсвэл техникийн эвдрэл гэмтлийн аль нь ослын үндсэн шалтгаан байсныг тодруулахаар эрүүгийн мөрдлөг шалгалт эхлүүлсэн байна. “ФлайДубай” компанийн мэдээлснээр "Боинг" 737-800 онгоцыг жолоодож явсан нисгэгчид тус бүр 6 мянга орчим цаг нислэг үйлдсэн туршлагатай байжээ. Осол болсон нисэх буудлын гадаа олон зуун хүн цуглан, амь үрэгдэгсдийн дурсгалд зориулан цэцэг, бусад дурсгалын зүйлс үлдээж байна. Ослын үеэр онгоцонд явсан 55 зорчигч, хөлгийн багийн 7 гишүүн бүгд амь үрэгдсэн юм.

Нийтэлсэн: Э.Энхрэл

"ФлайДубай" компанийн нисэх онгоцны хар хайрцгууд гэмтжээ  
Үзсэн: 1331 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
203.91.118.xxx [203.91.118.xxx] 2016-03-21 14:12
аль энэ онгоц уу
79.82.4.xxx [79.82.4.xxx] 2016-03-21 14:01
ene baliar menget chini aild arhi uugaad sogtood bandasaa hayad yavj bsn gesen sh de ichdeggui huur shuu

Бидэнтэй нэгдээрэй