
Испанийн Барселона болон Валенсия хотын хоорондох хурдны замд явсан автобус эсрэг урсгалаар явж байсан суудлын авто машинтай мөргөлджээ. Ослын үеэр наад зах нь 13 хүн амь үрэгдсэн байна. Үүнээс гадна 43 хүн гэмтэж бэртсэний 28-ыг нь ойролцоох эмнэлэгт хүргээд байна. Автобусанд сууж явсан 57 хүний олонх нь салют буудуулах ёслолыг үзэж сонирхоод, буцаж явсан олон улсын оюутнууд байсан аж.
Одоогоор амь үрэгдэгсдийн хэн болохыг тогтоох ажил үргэлжилж байгаа учраас ямар, ямар орны иргэд амь насаа алдсан нь тодорхойгүй хэвээр байна. Гэхдээ ослын үед нас барсан бүх хохирогч эмэгтэй болохыг холбогдох албаныхан мэдээллээ. Автобусанд Их Британи, Унгар, Герман, Швед, Норвеги, Швейцари, Чех, Шинэ Зеланд, Итали, Перу, Болгар, Польш, Ирланд болон Палестин, Япон, Украин зэрэг орноос Европын холбооны сурагч солилцооны "Эрасмус" хөтөлбөрт хамрагдаж байгаа оюутнууд явсан юм байна.
Каталоны бүс нутгийн дотоод хэргийн сайд автобус хэрхэн эсрэг урсгалд явсан авто машинтай мөргөлдсөн тухай дэлгэрэнгүй мэдээллийг өглөө. Түүний хэлснээр автобус баруун гар талд нь байсан хашлагыг мөргөсний улмаас хурдны замын эсрэг урсгал руу оржээ. Автобусны жолооч болон тус автобусыг ирж мөргөсөн авто машинд явсан 2 хүн амьд мэнд үлдсэн байна. Мөрдөгчид автобусны жолоочийг цагдаагийн газарт хүргэн, мэдүүлэг авч байгаа юм.
Мөрдлөгийн үйл явцтай ойр эх сурвалжийн мэдээгээр автобусны жолооч согтууруулах ундаа болон мансууруулах бодис хэрэглээгүй болох нь тогтоогджээ. Тэрээр автобус компанид 17 жил ажилласан туршлагатай, өмнө нь хэрэг зөрчилд холбогдож байгаагүй нэгэн юм байна.
Испанид автобус осолдож, 13 хүн амь үрэгджээ | ||
Үзсэн: 613 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.