
Хүйтэн дайны үеийн дайсагнасан харилцаагаа эцэслэж, хоёр талын харилцаанд шинэ үеийг нээхээр АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Куба улсад түүхэн айлчлалаа эхлүүлж байна. Ерөнхийлөгч Обама, тэргүүн хатагтай Мишель Обама болон тэдний охид Саша, Малиаг суулгасан нисэх онгоц Кубын нийслэл Хавана хотын Хосе Марти нисэх онгоцны буудалд газарджээ. Обамагийн 3 өдрийн айлчлал нь АНУ-ын Ерөнхийлөгч Кубад сүүлийн 88 жилийн хугацаанд хийж байгаа анхны айлчлал гэдгээрээ түүхэнд тэмдэглэгдэн үлдэж байгаа юм.
Айлчлалынхаа эхний өдөр Ерөнхийлөгч Обама юун түрүүнд Кубад нээгдээд удаагүй байгаа АНУ-ын элчин сайдын яаманд гэр бүлийн хамтаар зочилж, Хавана хотын түүхэн дурсгалт газруудад аялсан байна. Өнөөдөр тэрээр Кубын Ерөнхийлөгч Рауль Кастротой яриа хэлэлцээ хийж, мөн 2 орны бизнес эрхлэгчидтэй уулзалт зохион байгуулна. Харин айлчлалынхаа сүүлийн өдөр буюу маргааш Ерөнхийлөгч Обама Кубын сөрөг хүчний төлөөлөлтэй уулзаж, мөн тус улсын төрийн мэдлийн телевизээр Кубын ард түмэнд хандан үг хэлнэ. Мөн өдөр 2 орны тэргүүн нар бейсболын тоглолт үзэж сонирхохоор төлөвлөсөн байна.
Барак Обама өөрийн бүрэн эрхийн хугацаанд Кубыг ганцаардуулах АНУ-ын удаан хугацаанд баримталж ирсэн бодлогыг ардаа орхиж, 2 орны харилцааг хэвийн түвшинд хүргэх зорилт тавин ажиллаж байгаа. Энэ утгаараа түүний Куба дахь айлчлалын гол ач холбогдол нь олон арван жил дайсагнасан харилцаатай байсан АНУ, Куба 2 орны харилцаа сайжирсныг нотлон харуулж байгаа явдал гэж олон улсын ажиглагчид үзэж байна.
Үүнээс гадна АНУ Кубын эсрэг тогтоосон худалдааны хориг арга хэмжээг цуцлахад энэ айлчлал мөн эерэг нөлөө үзүүлэх төлөвтэй байна. 54 жилийн турш хэрэгжиж байгаа Кубын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээг цуцлахыг Ерөнхийлөгч Барак Обама зорьж байгаа ч, түүний энэ хүсэлт Конгресс дахь бүгд найрамдах намын хууль тогтоогчдын эсэргүүцлээс үүдэн биеллээ олоогүй хэвээр байгаа юм.
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Куба улсад айлчилж байна | ||
Үзсэн: 735 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.