
Их Британийн “Хайбрид Эйр Вехиклс” компани агаарын тээврийн салбарт хувьсгал авчирна гэгдэж байгаа “Эйрлендер 10” нисдэг хөлгийхөө бүрэн угсарсан загварыг өчигдөр олон нийтэд албан ёсоор танилцууллаа. Тус нисдэг хөлөг 200 цаг туршилтаар ниссэний дараа арилжааны нислэг үйлдэх боломж нээгдэх юм байна. Агаарын хөлөг, нисдэг тэрэг болон нисэх онгоцны шилмэл чанаруудыг нэгтгэн бүтээсэн дэлхийн хамгийн урт их бие бүхий энэхүү нисдэг хөлгийн гадна хэсгийг сая сая шоо метр гелигээр дүүргэсэн байгаа юм.
“Эйрлендер 10” нисэх онгоцны их бие 92 метр урттай нь одоо ашиглагдаж байгаа хамгийн урт их биетэй нисэх онгоцныхоос даруй 18 метр илүү урт гэсэн үг. Энэ үзүүлэлтээрээ тус нисэх онгоц дэлхийн хамгийн урт, мөн хамгийн том нисэх онгоцоор зүй ёсоор тодроод байна. “Эйрлендер 10” дөрвөн хөдөлгүүртэй. Мөн 6100 метрийн өндөрт хөөрч, цагт 148 км хурдлах хүчин чадалтай юм.
Нисэх онгоцноос ялгаатай нь “Эйрлендер 10” хөлгийг агаараас хөнгөн хий болох гелигээр дүүргэсэн байгаа учраас заавал тусгай нисэх зурвас гэлтгүй ямар ч төрлийн бартаатай гадарга, усан дээр саадгүй газардах боломжтой юм байна. Аварга нисдэг хөлгийнхөө анхны хувилбарыг ийнхүү олон нийтэд танилцуулахдаа “Хайбрид Эйр Вехиклс” компани цаашид их биедээ хэд хэдэн тусдаа өрөө багтаахуйц илүү том хэмжээтэй “Эйрлендер” нисдэг хөлөг зохион бүтээхээр зорьж байгаагаа мэдэгдсэн байна. Харьцангуй цөөн буюу 48 зорчигч суух боломжтой “Эйрлендер 10” нь 10 тонн ачаа тээвэрлэн цагт 148 км хурдтайгаар 5 хоног зогсолтгүй нислэг үйлдэх хүчин чадалтай.
Энэ шинж чанараараа “Эйрлендер 10” хөлөг хүрч очиход хүндрэл бэрхшээлтэй бүс нутагт ачаа бараа тээвэрлэн, хүргэхэд тохиромжтой болохыг үйлдвэрлэгчид нь онцолж байна.
Дэлхийн хамгийн том нисдэг хөлгийг олон нийтэд танилцууллаа | ||
Үзсэн: 589 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.