
Өнгөрсөн бямба гарагт ОХУ-ын өмнөд хэсэгт орших Донын Ростов хотод осолдсон “ФлайДубай” компанийн Боинг 737-800 нисэх онгоцны хар хайрцгууд гэмтсэн тухай бид мэдээлж байсан. Гэхдээ шинжээчид эдгээр хар хайрцагт бичигдсэн мэдээллийг амжилттай сэргээжээ.
62 хүний амийг авч одсон тус нисэх онгоцны осолтой холбогдуулан ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев нислэгийн аюулгүй байдлын дүрэм журмаа чангатгах шаардлага бий эсэхийг шалгаж тодруулахыг холбогдох албаныханд үүрэг болгосон байна. Өмнө нь Донын Ростовт хүрч очсон нисэх онгоц цаг агаарын таагүй нөхцөлийг харгалзан өөр нисэх буудлыг чиглэн нислэгээ үргэлжлүүлсэн. Гэтэл “ФлайДубай” компанийн нисгэгчид яагаад газардах шийдвэр гаргасан нь тодорхойгүй хэвээр байгаа юм.
Арабын Нэгдсэн Эмират улсын Дубай хотын эрх баригчдын мэдээлснээр “ФлайДубай” компанийн бусад нисэх онгоц өнөөдрөөс эхлэн Донын Ростов хотоос нислэгээ хэвийн горимоор үргэлжлүүлэхээр болсон байна. Нисэх онгоцны нарийн өгөгдлүүдийг тэмдэглэсэн хар хайрцагт бараг гэмтэл гараагүй, харин нисгэгчдийн бүхээг дэх яриаг бичсэн 2 дахь хар хайрцаг ихээхэн гэмтсэн болохыг холбогдох албаныхан өмнө нь мэдээлж байсан юм. Гэхдээ хоёр дахь хар хайрцаг дахь мэдээллийг шинжээчид сэргээж чадсан байна.
Эдгээр хар хайрцагны мэдээллийг тайлж уншихад хэдэн 7 хоногоос хэдэн сар хүртэлх хугацаа ч зарцуулагдаж магадгүй. Цаг агаарын нөхцөл байдал муу байсан ч Боинг онгоц газардах оролдлого хийн, осолдох болсон нь нисгэгчийн буруутай шийдвэр, эсвэл нисэх онгоцонд гарсан техникийн асуудлаас үүдэлтэй болов уу гэх хоёр гол таамгийг шинжээчид урьдчилсан байдлаар дэвшүүлж байна.
Боинг 737-800 онгоцыг жолоодож явсан нисгэгчид олон цаг нислэг үйлдсэн туршлагатай байсан, харин нисэх онгоцны хувьд ердөө 5 жилийн өмнө худалдан авсан шинэхэн онгоц болохыг “ФлайДубай” компани мэдэгдсэн байна.
Иймээс ослын шалтгааны талаар таамаг дэвшүүлэхэд эрт байгааг тус компанийн удирдлага сануулж байна.
Онгоцны осолдсон шалтгааныг тодруулахаар ажиллаж байна | ||
Үзсэн: 598 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.