Шууд Chart

БНАСАУ ойрын тусгалтай пуужин харважээ

2016-03-22 12:20:20

Өчигдөр БНАСАУ зүүн эргээсээ дахин ойрын зайн тусгалтай 5 пуужин харвасан талаар Өмнөд Солонгосын тал мэдэгдлээ. Эдгээр пуужин харвасан цэгээсээ 200 км орчим зайд Умард Солонгосын усан хил дотор унажээ. Тус улсын цөмийн болон пуужингийн туршилттай холбогдуулан НҮБ-ын Аюулгүйн зөвлөл, мөн АНУ-ын зүгээс хатуу чанга нэмэлт хориг арга хэмжээ тогтоосныг эсэргүүцэн Умард Солонгос өнгөрсөн баасан гарагт дундын зайн тусгалтай хоёр баллистик пуужин туршсан юм.

Өчигдөр тус улс дахин ойрын тусгалтай пуужин харвасны дараа АНУ-ын зүгээс бүс нутаг дахь хурцадмал байдлыг дэвэргэх үйлдлээс зайлсхийхийг Умард Солонгост анхааруулсан байна. Мөн Умард пуужингийн шил дараалсан туршилтаараа НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн холбогдох тогтоолуудыг зөрчсөн гэдгийг АНУ санууллаа.

Сүүлийн 7 хоногт Пхеньяны зүгээс Вашингтон, Сөүлийн эсрэг цөмийн цохилт хийнэ гэх сүрдүүлгээ улам бүр эрчимжүүлээд байгаа юм. Тус улс АНУ, БНСУ-ын жил бүр зохион байгуулдаг цэргийн хамтарсан сургуулилтыг эсэргүүцэж, Умардад төрийн эргэлт хийхээр 2 орон санаархаж байна гэж сэрдэж байгаагаа өмнө нь мөн илэрхийлж байсан.

Хэрэв ийм тохиолдолд зэвсэгт хүчин нь хариу цохилт барихад бэлэн болохыг Умард Солонгосын төв телевиз уламжилсан бол цөмийн хөтөлбөрөө эрчимтэй хөгжүүлэхийг тус улсын удирдагч Ким Жон Ун уриалаад байгаа юм. Тэрээр өнгөрсөн 7 хоногт улс нь баллистик пуужинд суурилуулах боломжтой цөмийн цэнэгт хошуу бүтээсэн болохыг албан ёсоор зарлаж, удахгүй цөмийн цэнэгт хошуугаа баллистик пуужинд суурилуулан туршина гэдгээ мөн мэдэгдээд байна.

Солонгосын хойгийн нөхцөл байдал ийнхүү хурцдаж байгаад Умардын гол холбоотон гэгддэг Хятад улс сэтгэл зовниж байгаагаа илэрхийллээ. Цаашид талууд хурцадмал байдлыг дэвэргэх, зэвсэгт мөргөлдөөн үүсгэж болзошгүй өдөөн хатгасан үйлдэл хийхгүй байхыг тус улс уриалсан байна.

Нийтэлсэн: Э.Энхрэл

БНАСАУ ойрын тусгалтай пуужин харважээ  
Үзсэн: 907 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй