Шууд Chart

АНУ-ын холбооны мөрдөх товчоо “Айфон” гар утасны нууцлалд нэвтрэх арга олжээ

2016-03-22 12:23:55

АНУ-ын Холбооны мөрдөх товчоо Калифорни муж улсын Сан Бернардино хотод халдлага үйлдсэн этгээд болох Ризван Фарукийн “Айфон 5-Си” гар утасны нууцлалд нэвтрэх арга олжээ. Үүнтэй холбогдуулан АНУ-ын Хууль зүйн яам энэ асуудлаар өнөөдөр товлогдсон байсан шүүх хурлыг хойшлуулах хүсэлт гаргасан байна.

Прокуроруудын мэдээлснээр хөндлөнгийн тал “Айфон” гар утасны нууцлалыг тайлах өөрсдийн сэдсэн аргаа танилцуулсан байна. Энэ аргыг Холбооны мөрдөх товчоо туршин, гар утсанд хадгалагдаж байгаа мэдээлэлд өөрчлөлт оруулахгүй гэдгийг баттай тогтоовол Фарукийн утасны нууцлалыг тайлахад ашиглахаар төлөвлөж байна. Хөндлөнгийн талын санал болгосон арга “Айфон” гар утасны нууцлалд нэвтрэх үр дүнтэй арга мөн эсэхийг тогтооход 14 хоног шаардлагатай юм байна.

Өнгөрсөн оны 12 дугаар сард Сан Бернардинод эхнэрийнхээ хамтаар буутай халдлага үйлдэж, 14 хүний аминд хүрсэн Ризван Фарукийн гар утсан дахь мэдээлэлд нэвтрэх замаар халдлагатай холбоотой нэмэлт сэжүүр олж авахыг Холбооны мөрдөх товчоо зорьж байгаа юм.

Иймээс АНУ-ын Хууль зүйн яам нууц үгээр хамгаалагдсан “Айфон 5-Си” гар утасны мэдээлэлд нэвтрэх програм зохиохыг Эппл корпорацид үүрэгдсэн шүүхийн шийдвэр гаргуулсан. Харин Засгийн газар нь энэ удаагийн хэргээр шалтаглан, цаашид хэрэглэгчдийн нууц мэдээлэлд нэвтэрч чадахгүй нөхцөлд холбогдох компаниудад шахалт үзүүлэн, бүтээгдэхүүнийх нь нууцлалыг өөрсдөөр нь эвдүүлдэг уламжлал тогтоохыг зорьж байна гэж Эппл корпораци үзэж, энэхүү шийдвэрийг дагаж мөрдөхөөс татгалзсан юм.

Мөн Холбооны мөрдөх товчоонд тусалсан нөхцөлд Эппл компанийн сая сая гар утасны нууцлалыг сулруулж, хэрэглэгчдийн хувийн мэдээллийн аюулгүй байдалд заналхийлнэ гэж тус компани маргажээ. Америкийн Засгийн газар Эпплийн тусламжийг авах шаардлагагүй болсон гэдгээ мэдэгдсэнээр “Айфон”-ы нууцлалыг тайлахтай холбогдсон маргаан эцэс боллоо гэж ажиглагчид үзэж байна.

Тэд мөн энэ маргаанд Эппл корпораци ялалт байгуулсан гэж дүгнэж байгаа юм.

Нийтэлсэн: Э.Энхрэл

АНУ-ын холбооны мөрдөх товчоо “Айфон” гар утасны нууцлалд нэвтрэх арга олжээ  
Үзсэн: 826 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй