Шууд Chart

Дэлхий судлаачдын таамаглаж байснаас хурдацтайгаар дулаарч байна

2016-03-22 12:26:58

Манай гараг судлаачдын таамаглаж байснаас илүү хурдацтайгаар дулаарч байгааг Дэлхийн цаг уур судлалын байгууллага анхааруулж байна. Тус байгууллагын өчигдөр танилцуулсан “Уур амьсгалын төлөв байдлын тухай тайлан”-гаас үзэхэд 2015 оны дэлхийн гадаргуугийн дундаж температур өмнөх жилүүдийн тогтоосон дээд амжилтыг хол зөрүүтэйгээр эвджээ.

Өнгөрсөн онд манай гараг XX зууны дундаж температуртай харьцуулахад цельсийн 0.76 градус, XIX зууны дундажтай харьцуулахад цельсийн бүтэн 1 градусаар дулаарсан байна. Гэхдээ бүс нутгийн хувьд дулаарал харилцан адилгүй явагдаж байгааг мөн тус тайлангаас харж болохоор байгаа юм. 2015 он түүхэн дэх хамгийн дулаан жилийн дээд амжилтыг Ази, Өмнөд Африкт эвдсэн бол, АНУ, Африк, Европт дээд амжилтын жагсаалтын хоёрдугаарт бичигдсэн байна.

Харин Австрали тивд дулаарал харьцангуй удаан явагдаж, өнгөрсөн он тус тив дэх хамгийн дулаан жилүүдийн жагсаалтад тавдугаар байр эзэлжээ. Дэлхийн дулаарал ийнхүү эрчимтэй явагдахад хүний үйл ажиллагаанаас агаар мандалд ялгарч байгаа хүлэмжийн хий болон метаны хий голлон нөлөөлдөг.

2015 онд улс орнуудын хүлэмжийн хий ялгаруулалт жил бүрийн дундаж өсөлттэй харьцуулахад хоёр дахин өсч, дээд амжилт тогтоосон байна. Харин агаар дахь метаны хийн хэмжээ аж үйлдвэржилтийн өмнөх үеийн түвшинтэй харьцуулахад 254 хувиар нэмэгдсэн тооцоо гарчээ. Дэлхийн бөмбөрцгийн өмнөд хагасын цаг уурт үлэмж нөлөө үзүүлдэг Номхон далайн гадаргуугийн дулаан урсгал Ниньотой холбоотой үзэгдэл өнгөрсөн онд дэлхий эрс дулаарах бас нэг шалтгаан болсныг шинжээчид хэлж байна.

Гэхдээ Эль Ниньо, уур амьсгалын өөрчлөлт хоёр эргэх холбоотой учраас дэлхийн дулаарлаас үүдэн тус үзэгдлийн үргэлжлэх хугацаа уртасч, хамрах цар хүрээ нь нэмэгдэж байгааг эрдэмтэд онцолж буй юм.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Дэлхий судлаачдын таамаглаж байснаас хурдацтайгаар дулаарч байна   
Үзсэн: 551 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй