
Өнөөдөр “Дэлхийн усны өдөр” тохиож байна. “Дэлхийн усны өдөр”-ийг тэмдэглэх шийдвэр 1992 онд зохион байгуулагдсан Байгаль орчин, хөгжлийн асуудлаарх НҮБ-ын бага хурлаас улбаатай юм. Энэ хурлаар санаачилсан “Дэлхийн усны өдөр”-ийг анх 1993 онд тэмдэглэсэн байдаг.
Үүнээс хойш жил бүрийн 3-р сарын 22-ны өдөр дэлхий нийт усны талаар мэдлэг ойлголтоо нэмэгдүүлж, цэвэр усны нөөцийг арвилан гамнах талаар сурталчлан таниулах олон төрлийн арга хэмжээ зохион байгуулсаар эдүгээ 23 жил өнгөрч байна.
Энэ жилийн хувьд НҮБ “Дэлхийн усны өдөр”-ийг “Ус-Ажил, амьдралын дэвшил” сэдвийн хүрээнд тэмдэглэж байна. Тус байгууллагын тооцоогоор дэлхийн ажиллах хүчний тэн хагас буюу 1,5 тэрбум хүн устай холбоотой ажил үйлчилгээ эрхэлж байна. Гэсэн хэдий ч усны салбарт ажилладаг эдгээр хүмүүс хөдөлмөрийн суурь эрхээ эдэлж, хамгаалуулж чаддаггүй гэх мэдээ байгаа юм. Иймээс энэ онд НҮБ усны хүрэлцээ, чанар сайн байх нь устай холбоотой ажил үйлчилгээ эрхэлдэг хүмүүсийн амь амжиргааг сайжруулаад зогсохгүй, нийгэм, эдийн засагт ч ихээхэн хувь нэмэр оруулах боломжтойг онцлон, “Ус-Ажил, амьдралын дэвшил” уриаг дэвшүүлжээ.
Энэ уриан дор Олон улсын хөдөлмөрийн байгууллагын Женев дэх төв байранд “Ус бол ажил” нэртэй гэрэл зургийн үзэсгэлэн нээгдсэн байна. “Дэлхийн усны өдөр”-ийг 2015 онд “Ус ба Тогтвортой хөгжил”, 2014 онд “Ус ба эрчим хүч” сэдвийн хүрээнд тэмдэглэсэн байна.
Мөн 2012 онд “Ус ба хүнсний аюулгүй байдал” гэх сэдвийн дор ядуу буурай бүс нутгийн иргэдэд цэвэр усны хүрэлцээг сайжруулах, мөн усыг цэвэрлэх, ариутгах арга хэрэгслийн талаар сурталчлан таниулах аян өрнөсөн юм.
Дэлхийн ажиллах хүчний тэн хагас нь устай холбоотой ажил, үйлчилгээ эрхэлдэг | ||
Үзсэн: 708 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.