Шууд Chart

Дэлхийн нэг тэрбум хүн ундны цэвэр усаар гачигдаж байна

2016-03-22 12:33:29

Цэвэр усны төвлөрсөн системд холбогдсон айл өрхүүд өдөрт олон литр цэвэр усыг үр ашиггүй зарцуулдаг гэх тооцоо байдаг. Харин энэ хооронд дэлхийн хөгжиж байгаа улс орнуудын 1 тэрбум хүн өнөөдөр ундны цэвэр усаар гачигдаж байгаа юм.

Дэлхийн олон бүс нутаг, тэр дундаа Африк, Зүүн Өмнөд Ази, Латин Америк цэвэр усны гачигдалд нэрвэгдээд байна. Цэвэр усны хүрэлцээ муу энэ мэт бүс нутагт хүний эрүүл амьдрах эрхээс гадна сурч боловсрох, хөдөлмөрлөх зэрэг бусад эрх ч мөн зөрчигдөж байгаа юм.

Цэвэр усны гачигдалд байгаа дийлэнх айл өрх өдөрт 1 доллараас бага орлоготой байдаг. Иймээс цэвэр ус түгээх системд холбогдоогүй эдгээр айл өрхийн охид эмэгтэйчүүд өдөр бүр наад зах нь 3 цагийн зайтай газарт байгаа гол горхиноос ус авчирдаг байна. Африкийн зарим бүс нутагт эмэгтэйчүүд өдөрт бусад ажил үүрэгт зарцуулж байгаа цагаасаа илүү цагийг зөвхөн усанд явахад зарцуулдаг гэх тооцоо гарчээ.

Ийнхүү зовж авчирсан ус нь олон төрлийн нян, халдвараар бохирдсон байх нь элбэг. Үүнээс үүдэн дэлхий дээр 2 минут тутамд 5-аас доош насны 1 хүүхэд ундны усаар халдварласан нян, өвчлөлийн улмаас хорвоог орхидог байна. Хэрэв усны зохисгүй хэрэглээг бууруулж, дэлхий нийт хүчээ нэгтгэн, цэвэр усны хүрэлцээ муу бүс нутгуудад тусламжийн гараа сунгавал хөгжиж байгаа бүс нутгийн эмэгтэйчүүд усанд явдаг цагаа хэмнэж, энэ цагаа өрхийнхөө амжиргаа, өөрийн мэдлэг боловсролд зарцуулах боломж нээгдэнэ гэдгийг олон улсын байгууллагууд онцолж байна.

Ундны усны аюулгүй эх үүсвэрээр бүрэн хангасан нөхцөлд Африк тивд л гэхэд жилд усанд явдаг охид эмэгтэйчүүдийн 40 тэрбум цагийг хэмнэх боломжтой юм. Энэ нь Францын ажиллах хүч бүтэн жилд зарцуулдаг ажлын цагтай тэнцэж байгаа юм. Хэмнэсэн цагаа охид эмэгтэйчүүд сургуульд элсэн, боловсрол эзэмших, ажил хөдөлмөр эрхлэхэд зарцуулах боломжтой.

Мөн ундны уснаас үүдэлтэй өвчлөлийг бууруулж, эдгээр өвчлөлтэй тэмцэхэд зарцуулдаг байсан хөрөнгийг боловсрол болон бусад салбарт зарцуулах боломж нээгдэх юм.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Дэлхийн нэг тэрбум хүн ундны цэвэр усаар гачигдаж байна  
Үзсэн: 825 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй