Шууд Chart

Дархлал сайжруулах замаар хорт хавдрыг анагаахыг зорьж байна

2016-03-22 12:38:24

Хорт хавдрын эмчилгээнд хүний биеийн дархлааны системийг ашиглах шинэхэн аргыг Хятадын Шанхай хотын бүлэг эрдэмтэд нээсэн байна. Их Британийн “Nature” эрдэм шинжилгээний сэтгүүлд нийтлэгдсэн эдгээр эрдэмтдийн нээлтийг олон орны компаниуд сонирхож эхэлсэн байна.

Хорт хавдартай тэмцэхэд хүний биеийн дархлалын тогтолцоог ашигладаг эмчилгээг хавдрын иммунотерапи гэдэг. Ойрын жилүүдэд олон орны эрдэмтэд хүний бие дэх цусны цагаан эсийн нэг төрөл болох Т эсийн үйл ажиллагааг сайжруулах замаар хавдрыг эмчлэх арга замыг судалж байгаа юм. Харин Шанхайн биохими, эсийн биологийн хүрээлэнгийн профессор Шу Ченци болон түүний хамтран зүтгэгчид “Т” эсийн хорт хавдартай тэмцэх чадварыг сайжруулах шинэ арга нээсэн байна. Тэд хүний бие дэх “Ацетил-КоА-ацетил-транс-фераза 1” гэх ферментийн үйл ажиллагааг саатуулахад “Т” эсийн хавдрын эсрэг үйл ажиллагаа эрчимждэг болохыг олж тогтоожээ. Энэ аргад үндэслэн зөвхөн тодорхой нэг гэлтгүй, төрөл бүрийн хорт хавдартай дархлалын системийг ашиглан тэмцэж болно гэдгийг Шанхайн эрдэмтэд цохон тэмдэглэсэн байна.

Энэ утгаараа тэдний нээлт хавдар судлалын салбарт томоохон дэвшил авчирсан гэж шинжээчид үзэж байгаа юм. Шанхайн эрдэмтдийн боловсруулсан арга одоогоор 50 хувийн үр дүн үзүүлсэн байна. Тэдний судалгаанд үндэслэн эмчилгээ явуулах сонирхолтой олон эмнэлэг, эм бэлдмэлийн компаниуд Шанхайн биохими, эсийн биологийн хүрээлэнд ханджээ.

Гэхдээ хүрээлэнгийн эрдэмтэд судалгаа нь эрт шатандаа яваа учраас судалгааны үр дүнд суурилан эм боловсруулах, турших хараахан болоогүйг сануулж байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тооцоогоор 2020 он гэхэд дэлхий даяар хорт хавдартай хүн амын тоо 20 саяд хүрэх төлөвтэй байна. Хэрэв хорт хавдартай тэмцэх үр дүнтэй арга олоогүй нөхцөлд эдгээр хүний тэн хагасаас илүү нь буюу 12 сая нь нас барах эрсдэлтэй болохыг тус байгууллага анхааруулж байгаа юм.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Дархлал сайжруулах замаар хорт хавдрыг анагаахыг зорьж байна  
Үзсэн: 652 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй