Шууд Chart

Обама: Куба улс дахь айлчлал бол түүхэн боломж

2016-03-22 12:42:26

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн Куба улс дахь 3 хоногийн айлчлал үргэлжилж байна. Кубад хур бороо дагуулан очсон тэрээр тус улсын нийслэл Хаванад эргэн нээгдсэн АНУ-ын Элчин сайдын яаманд зочлох үеэрээ энэ удаагийн айлчлалыг “түүхэн боломж” болохыг онцлон тэмдэглэсэн байна.

Ерөнхийлөгч Обама, тэргүүн хатагтай Мишель Обама болон тэдний охид Саша, Малиаг суулгасан нисэх онгоц Кубын нийслэл Хавана хотын Хосе Марти нисэх онгоцны буудалд газардсан юм. Обамагийн өмнө АНУ-ын Ерөнхийлөгчдөөс хамгийн сүүлд одоогоос 88 жилийн тэртээ Калвин Кулиж Куба улсад айлчилж байжээ. Байлдааны хөлөг онгоцоор Кубад хүрч очиход Калвин Кулиж 3 хоног зарцуулж байсан түүхтэй.

Харин Обама АНУ-ын агаарын цэргийн хүчний онгоцоор 3-хан цаг нисээд л Кубад ирсэн тухайгаа хошигнон ярьсан байна. Айлчлалынхаа эхний өдөр Ерөнхийлөгч Обама юун түрүүнд Кубад нээгдээд удаагүй байгаа АНУ-ын Элчин сайдын яаманд гэр бүлийн хамтаар зочилж, Хавана хотын түүхэн дурсгалт газруудад аялсан байна.

Тэрээр Кубын Ерөнхийлөгч Рауль Кастротой яриа хэлэлцээ хийж, дараа нь хамтран зохион байгуулсан хэвлэлийн бага хурал дээр Куба дахь хүний эрхийн нөхцөл байдлыг сайжруулах, мөн тус улсын эсрэг АНУ-ын 50 жил үргэлжилсэн эдийн засгийн хориг арга хэмжээг эцэслэх шаардлагатай байгаа тухай ярьжээ.

Мөн өчигдөр Обама хоёр орны бизнес эрхлэгчидтэй уулзалт зохион байгуулсан байна. Өнөөдөр Ерөнхийлөгч Обама Кубын сөрөг хүчний төлөөлөлтэй уулзаж, тус улсын төрийн мэдлийн телевизээр Кубын ард түмэнд хандан үг хэлснээр түүний энэ удаагийн түүхэн айлчлал өндөрлөх юм.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Обама: Куба улс дахь айлчлал бол түүхэн боломж  
Үзсэн: 996 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй