Шууд Chart

"Коммерсантъ": “ФлайДубай” компанийн боинг онгоц осолдоход цаг агаар нөлөөлөөгүй

2016-03-22 13:03:15

ОХУ-ын өмнөд хэсэг дэх Донын Ростов хотын нисэх буудалд иргэний агаарын тээврийн “ФлайДубай” компанийн Боинг 737-800 онгоц буулт хийхээр оролдож байхдаа осолдсон. Энэ ослын үндсэн шалтгаан техникийн эвдрэл гэмтэл болон нисгэгчийн буруу шийдвэрээс үүдсэн байж болзошгүй тухай "Коммерсантъ" сонинд мэдээлсэн байна.

Энэ мэдээллийг албаны эх сурвалж баталгаажуулаагүй байгаа юм. Одоогоор ОХУ, Арабын Нэгдсэн Эмират, АНУ, Францын шинжээчид хамтран тус онгоцны 2 хар хайрцаг дахь мэдээллийг тайлж уншин, ослын шалтгааныг нарийвчлан тодруулахаар ажиллаж байгаа юм. Холбогдох албаныхны мэдээлснээр хар хайрцгууд ослын үеэр ихээхэн гэмтсэн ч, тэдэнд бичигдсэн мэдээллийг амжилттай сэргээсэн байна.

“ФлайДубай” компанийн Боинг 737-800 онгоц өнгөрсөн бямба гарагт Арабын Нэгдсэн Эмират улсын Дубай хотоос ОХУ-ын Донын Ростовыг чиглэн нислэг үйлдсэн юм. Нислэг хэвийн үргэлжилж байсан ч, цаг уурын таагүй нөхцөл байдлаас үүдэн онгоц газардах үеэр бэрхшээл үүссэн байна. Иймээс онгоц нисэх зурваст газардах эхний оролдлогоо цуцалж, буулт хийх таатай нөхцөл бүрдэхийг хүлээн нисэх буудлын дээгүүр 2 цаг орчим ниссэн. Үүний эцэст Боинг буулт хийхээр 2 дахь удаагаа  оролдсон ч, нисэх зурвасын эхлэл хэсгээс 250 метрийн өмнө газардан сүйрсэн юм.

Ослын үндсэн шалтгаан тодорхойгүй байгаа ч үзэгдэх орчин муу, хүчтэй салхитай байсан зэрэг нь онгоц осолдоход нөлөөлсөн байж магадгүй гэж хэвлэлүүд мэдээлж байсан. Гэхдээ ослын үндсэн шалтгаан нь нисгэгчийн буруутай үйлдэл, эсвэл техникийн эвдрэл гэмтлийн аль нэг гэж шинжээчид таамаглаж байгаа талаар "Коммерсантъ" уламжилжээ.

Осол болсон нисэх буудлын гадаа олон зуун хүн цуглан, амь үрэгдэгсдийн дурсгалд зориулан цэцэг, бусад дурсгалын зүйлс үлдээж эмгэнэл илэрхийлж байна. Ослын үеэр Боинг онгоцонд явсан 55 зорчигч, хөлгийн багийн 7 гишүүн бүгд амь үрэгдсэн юм.

Нийтэлсэн: Э.Энхрэл

"Коммерсантъ": “ФлайДубай” компанийн боинг онгоц осолдоход цаг агаар нөлөөлөөгүй   
Үзсэн: 1589 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй