
Баруун Африкийн Сенегал улсын Үндсэн хуульд 15 зүйл нэмэлт өөрчлөлт оруулах эсэх тухай бүх нийтийн санал асуулга зохион байгуулагдлаа. Тус улсын сонгуулийн хорооны өгсөн мэдээллээр санал асуулгын үр дүн энэ 7 хоногийн сүүлээр тодорхой болж, Сенегалын үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах эсэхийг эцэслэн шийдвэрлэх юм байна.
Үндсэн хуульд хийхээр санал болгосон 15 шинэчлэлийн дотор ерөнхийлөгчийн эрх мэдлийг хумих, бүрэн эрхийн хугацааг нь 7 жилээс 5 жил болгон цөөрүүлэх тухай заалт багтсан байна. Үүнээс гадна Сенегалын Үндэсний ассамблейн эрх мэдлийг нэмэгдүүлэх, Сенегал улсын гадаад дахь төлөөлөгчийн байгууллагуудыг олшруулах, сөрөг хүчний намуудын үүрэг оролцоог нэмэгдүүлэх, ерөнхийлөгчийн сонгуульд бие даасан нэр дэвшигчид өрсөлдөх боломжийг нээх, мөн тус сонгуульд өрсөлдөх насны хязгаарыг 75 болгон сунгах зэрэг заалтууд мөн багтжээ. Африкийн улс орнуудын удирдагчид төр засгийн эрхэнд урт хугацаагаар үлдэхийг санаархах нь олширсон.
Харин Сенегалын ерөнхийлөгч Маки Салл бүрэн эрхийн хугацаандаа хязгаарлалт хийж, Африкийн орнуудад үлгэр жишээ болохоор шийдвэрлэснээ өнгөрсөн оны 3-р сард зарласан юм. Хэрэв энэ асуудлыг Сенегалын ард түмэн дэмжсэн нөхцөлд Маки Салл шинэ нэмэлт өөрчлөлтийн дагуу ерөнхийлөгчийн бүрэн эрхээ 5 жилээр дуусгавар болгоно гэдгээ мэдэгдээд байна. Тэрээр өнгөрсөн 2012 онд бүрэн эрхээ хүлээн авсан.
Иймээс Сенегалын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт хийхээр болбол 2017 онд ерөнхийлөгчийн үүрэгт ажлаа хүлээлгэн өнгөх юм.
Тус улсын өмнөх ерөнхийлөгч Абдулай Вадын үед Сенегалын үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг 7 жил болгон сунгасан байна. Абдулай Вад мөн Үндсэн хуулийнхаа холбогдох заалтыг үл тоомсорлон, ерөнхийлөгчид 3 дахь удаагаа улиран сонгогдохоор нэр дэвшсэн ч, Маки Саллд ялагдал хүлээсэн юм.
Сенегалын үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах эсэх тухай санал асуулга боллоо | ||
Үзсэн: 659 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.