
Бельгийн нийслэл Брюссель хотноо халдлага үйлдсэн этгээдүүдтэй хамт явсан сэжигтнийг цагдаа нар эрэн сурвалжилж эхэллээ. Өчигдөр Брюссель хотын нисэх буудал болон метроны буудалд амиа золиослогчид тэсрэх бөмбөг дэлбэлснээс наад зах нь 30 хүн амь насаа алдаж, 200 орчим хүн гэмтэж шархадсан юм.
Харин Завентем нисэх буудлын хяналтын камерын дүрс бичлэгт халдлага үйлдсэн хоёр амиа золиослогчтой хамт саравчтай малгай өмссөн нэг эрэгтэй явсан нь бичигдэж үлдсэн байна. Цагдаа нар хэргийн газраас зугтсан тус сэжигтнийг дээрх дүрс бичлэгт үндэслэн эрэн сурвалжилж байгаа юм. Өчигдөр Брюссельд гарсан цуврал халдлагын хариуцлагыг "Исламын улс" алан хядагч бүлэглэл өөртөө хүлээгээд байна. Тус бүлэглэл халдлага болсон газруудыг удаан судалсны дүнд сонгосон болохоо цахим мэдэгдэлдээ дурдаад, "Исламын улс" бүлэглэлийн эсрэг цэргийн ажиллагаанд оролцож байгаа эвслийн орнуудад цаашид энэ мэт халдлага дахин үйлдэхээр заналхийлсэн байна. Завентем нисэх буудалд хоёр амиа золиослогч дараалан бөмбөг дэлбэлснээс наад зах нь 10 хүн амь үрэгдсэн.
Үүний дараа цагдаа нар нисэх буудлыг нэгжих үеэр дахин нэг тэсрэх бөмбөг илрүүлж, аюулгүй болгожээ. Харин нисэх буудалд болсон халдлагаас 1 цаг орчмын дараа Европын холбооны төв байрнаас холгүй оршдог Малбек метроны буудалд дахин нэг дэлбэрэлт болж, 20 орчим хүн амь үрэгдсэн юм. Эдгээр дэлбэрэлтэд өртсөн 200 орчим хүний олонх нь хүнд шархадсан болохыг холбогдох албаныхан мэдэгдэж байна. Бельги улсад терроризмын аюулын хамгийн дээд түвшний түгшүүр зарлаад байна. Мөн тус улс даяар 3 хоногийг үндэсний гашуудлын өдөр болгон зарлажээ.
Өчигдөр хоёр халдлагын дараа Брюссель хот дахь нийтийн тээврийн бүх үйлчилгээ зогсож, Завентем нисэх буудлыг чиглэн нисэж байсан онгоцууд тус нисэх буудалд газардалгүй, чиглэлээ өөрчлөн нисэхээс аргагүйд хүрсэн юм. Одоогоор нийтийн тээврийн зарим үйлчилгээг сэргээсэн ч, Завентем нисэх буудлаас хөөрөх бүх нислэг цуцлагдсан байдалтай хэвээр байна. Мөн Евростар компани Брюссель рүү ирэх очих чиглэлийн галт тэрэгний үйлчилгээгээ зогсоосон байна.
Брюсселийн халдлагын сэжигтнийг эрэн сурвалжилж эхэллээ | ||
Үзсэн: 799 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.