
АНУ пуужингийн довтолгооноос хамгаалах “THAAD” системээ Өмнөд Солонгост байршуулах асуудлаар Хятадтай хэлэлцээ хийх хүсэлтэй байгааг АНУ-ын төрийн департаментын дээгүүр албан тушаалтан мэдэгдлээ. Дунд тусгалтай баллистик пуужинг амдан устгах зориулалттай хамгийн сүүлийн үеийн загварын хөдөлгөөнт “THAAD” системийг Өмнөд Солонгост байршуулах асуудлаар Сөүл, Вашингтоны хооронд хэлэлцээ эхлээд удаагүй байгаа.
Умард Солонгос хиймэл дагуул хөөргөж байгаа гэх тайлбарын дор алсын тусгалтай баллистик пуужин харвасан нь дээрх яриа хэлэлцээ эхлэх үндсэн шалтгаан болсон юм. Харин Хятадын тал энэ яриа хэлэлцээний тухай байр сууриа илэрхийлэхдээ аливаа орон өөрийн аюулгүй байдлыг хамгаалахдаа бусад орны аюулгүй байдлын ашиг сонирхол, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг мөн харгалзан үзэж, шийдвэр гаргах нь зохистой гэж мэдэгдэж байсан.
Батлан хамгаалах салбарын мэргэжилтнүүдийн тайлбараас үзэхэд, "THAAD" системийн радар 1800 хүртэлх км буюу Умард Солонгос төдийгүй Хятадын нутаг дэвсгэрийн зах хэсгийг хамрах хүчин чадалтай учраас Хятадын тал ийнхүү эсэргүүцсэн байр суурь баримталж байгаа юм. Харин “THAAD” системийг Солонгосын хойгт байршуулах асуудлаар Өмнөд Солонгостой эцэслэсэн шийдвэрт хүрээгүй байгааг АНУ онцлоод, энэ тухай Хятадын талтай яриа хэлэлцээ хийх хүсэлтэй байгаагаа сая илэрхийллээ. Мөн “THAAD” систем байрлаж байгаа бүс нутгаа хамгаалах хүчин чадалтайгаас бус, довтолгоо хийх зориулалтгүй учраас Хятадын үндэсний аюулгүй байдалд огт заналхийлэхгүй гэх тайлбарыг АНУ-ын Төрийн департамент өгч байна.
АНУ "THAAD" системийг БНСУ-д байрлуулах хүсэлтэй байна | ||
Үзсэн: 704 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.