Шууд Chart

Амиа золиослон халдлага үйлдсэн хоёр этгээд ах, дүүс байжээ

2016-03-24 16:37:52

Мягмар гарагт Бельгийн Брюссель хотноо амиа золиослон халдлага үйлдсэн этгээдүүд нь Халид болон Брахим Бакрауи гэх ах, дүү хоёр болохыг ДНК-гийн шинжилгээнд үндэслэн тогтоосон байна. Холбооны прокурорын мэдээлснээр Бельгийн иргэншилтэй энэхүү ах, дүүс өмнө нь гэмт хэрэгт холбогдож байсан бүртгэлтэй байжээ. Халид Бакрауи Брюсселийн Завентем нисэх буудалд, харин Брахим Бакрауи нь Малбек метроны буудалд тэсрэх бөмбөг дэлбэлсэн юм.

Нисэх буудал дахь алан хядах ажиллагаанд оролцсон бусад 2 этгээдийн хэн болохыг холбогдох албаныхан хараахан тогтоогоогүй байна. Тэдний нэг нь амь үрэгдсэн бол, нөгөө нь зугтаж амжсан юм. Халдлагад оролцсон 3 этгээдийн дүрс бичигдсэн хяналтын камерын бичлэгийг олон нийтэд цацсан. Энэ бичлэгт үндэслэн Франц, Бельгийн хэвлэлүүдийн мэдээлснээр хэргийн газар дээрээс зугтсан сэжигтэн нь одоо эрэн сурвалжлагдаж байгаа Нажим Лахрауи гэгч байж магадгүй гэх таамаг дэвшүүлж байна. Харин албаныхны зүгээс энэхүү таамаг үндэстэй эсэхэд тодруулга хийгээгүй байгаа юм.

Брюсселийн халдлагад оролцсон эдгээр этгээдийн гэрт нэгжлэг хийх үеэр тэсрэх бөмбөг хийх зориулалттай материалууд, түүний дотор 15 кг тэсрэх бодис олдсон байна. Мөн Завентем нисэх буудалд амиа золиослон халдлага үйлдэж, 11 хүний аминд хүрсэн Брахим Бакрауи өөрийн цөхрөл гунигаа бичсэн захидал үлдээснийг олсон болохоо Бельгийн прокурорууд мөн мэдээллээ.

Бельги улс даяар гурав хоногийн гашуудал үргэлжилж байна. Өчигдөр үд дунд амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэн Бельгийн ард иргэд нэг минут дуугаа хураажээ. Бельгийн ван өөрийн хатны хамтаар Завентем нисэх буудалд хүрэлцэн очиж, дараа нь халдлагад гэмтэж шархадсан хүмүүстэй уулзаж, ярилцлаа. Халдлагад шархадсан хүмүүсээс 150 орчим нь эмнэлэгт хүргэгдсэний 61 нь эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байгаа юм.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Амиа золиослон халдлага үйлдсэн хоёр этгээд ах, дүүс байжээ  
Үзсэн: 2238 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй