
Сирийн Засгийн газрын цэргүүд "Исламын улс" алан хядагч бүлэглэлийн эсрэг давшилтаа амжилттай үргэлжлүүлж, эртний хот Пальмирагийн захад тулж очсон талаар холбогдох албаныхан мэдээлж байна. Сирийн Ерөнхийлөгч Башар Асадын цэргүүд Пальмира хотод 850 метр зайд дөхөж очсон бөгөөд хэдхэн цагийн дотор хотыг хяналтандаа оруулах найдлага өвөртөлж байгаа тухай тус улсын төрийн мэдлийн телевизэд нэгэн цэрэг ярьжээ.
НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага ЮНЕСКО-гийн дэлхийн өвийн жагсаалтад бүртгэлтэй байдаг эртний Пальмира хотод манай эриний 1, 2 дугаар зуунд Грек, Ромын уран барилгын хэв маягт нутгийн уламжлал, персийн соёлын нөлөөг шингээж бүтээсэн урлаг, архитекторын ховор өв дурсгалууд байдаг юм. Исламын улс алан хядагч бүлэглэл өнгөрсөн оны тавдугаар сард Пальмира хотын туурийг залгаа орших хоттой нь эзлэн авчээ.
Үүнийхээ дараа тус бүлэглэл хоёр мянган жилийн настай хоёр сүм, мөн “Ялалтын нуман хаалга”, бунхнууд зэрэг эртний соёл иргэншлийн түүхэн баримт болсон үнэт өв дурсгалыг сүйтгэсэн юм. Тус бүлэглэл шашны ариун өвд хамаарахгүй гэдэг шалтгаанаар Сиритэй хил залгаа Ирак улсад ч исламын шашин үүсэхээс өмнөх үеийн алдартай түүхэн дурсгалт газруудыг нурааж байсан. "Исламын улс" бүлэглэлийн энэхүү үйл ажиллагааг ЮНЕСКО дайны гэмт хэрэг гэж эрс зэмлэн буруушааж байгаа юм.
Сирийн төрийн мэдлийн САНА агентлагийн уламжилснаар Асадын цэргүүд Засгийн газрыг дэмжигч зэвсэгт дайчдын дэмжлэгтэйгээр Пальмира хотын баруун болон баруун өмнөд талд оршдог өндөрлөг нутгийг эзлэн авч, тухайн бүсэд байсан "Исламын улс" бүлэглэлийн дайчдыг устгасан байна. Мөн энэ бүс нутгаас 1520 орчим тэсрэх төхөөрөмжүүдийг илрүүлж, аюулгүй болгоод байгаа юм байна.
Сирийн Засгийн газрын цэргүүд Пальмира хотын захад тулж очжээ | ||
Үзсэн: 550 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.