
Хятадын цахим худалдааны хамгийн том сүлжээ “Алибаба” өнгөрсөн санхүүгийн жилдээ 463 тэрбум америк долларын худалдаа хийжээ. Хятадын зүүн хэсэгт орших Жөжян мужийн Ханжоу хотод байрладаг “Алибаба” компанийн төв байранд тус компанийн гүйцэтгэх захирал Даниель Жан энэ тухай танилцууллаа. Өнгөрсөн санхүүгийн жилд “Алибаба” компани өмнөх жилүүдийн амжилтаа эвдээд зогсохгүй ашиг орлого нь АНУ-ын Уолмарт корпорацийн ашигтай дөхөж очсон байна.
Ингэснээр “Алибаба” энэ оны сүүл гэхэд “Уолмарт”-ыг ардаа орхиж, жижиглэн худалдааны хамгийн том сүлжээ компани болох төлөвтэй байна. Даниель Жангийн мэдэгдсэнээр “Алибаба” групп одоо Хятадын алслагдмал бүс нутагт үйл ажиллагаагаа өргөжүүлэхээр ажиллаж байна. Ингэснээр хөдөө, орон нутгийн иргэд хүссэн бараа бүтээгдэхүүнээ интернэт ашиглан худалдан авахаас гадна хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээ эргүүлэн улсдаа төдийгүй дэлхийн зах зээлд худалдаалах боломж нээгдэх юм байна.
Сүүлийн жилүүдэд Хятад улсад цахим худалдааны салбар эрчимтэй хөгжиж байна. Өнгөрсөн онд тус улсад цахим худалдаа 33 хувиар өсөж, 3.88 их наяд юаньд хүрчээ. Хотожсон бүс нутгуудтай харьцуулахад алслагдмал, хөдөө бүс нутгийн цахим худалдаа 2 дахин хурдацтай өссөн дүн гарсан байна. Хятадын нийт худалдан авагчдын гуравны нэг нь хөдөө орон нутагт аж төрдөг. Эдгээр худалдан авагчид өнгөрсөн онд цахимаар 195 сая юанийн худалдаа хийжээ.
Цахим ертөнцийг худалдааны салбартай нэгтгэснээр уламжлалт худалдааг үндсээр нь өөрчлөн шинэчилж байгааг “Алибаба” онцолж байна. Цаашид эдийн засгийг дижитал эдийн засагтай нэгтгэснээр эдийн засаг, экосистемийн шинэ төрөл үүсэн бий болно гэж Даниель Жан онцлон тэмдэглэжээ.
“Алибаба” дэлхийн хамгийн том цахим сүлжээ болно | ||
Үзсэн: 1243 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.