
Энэ сарын 12-20-ны өдрүүдэд Австралийн нийслэлд агаарын бөмбөлөгийн 30 дахь удаагийн наадам зохион байгууллаа. Наадмын хүрээнд 40 гаруй агаарын бөмбөлөг тэнгэрт хөөрчээ. Жил бүр зохион байгуулдаг уламжлалтай Камберрагийн агаарын бөмбөлөгийн наадам энэ онд тогтсон заншлынхаа дагуу 9 хоног үргэлжилжээ. Хамрах цар хүрээгээрээ олон улсын тавцанд дээгүүр байрт бичигддэг тус наадамд оролцогчид өглөө бүр 6 цаг 15 минутаас агаарын бөмбөлөгөө гарган, тэнгэрт хөөргөх бэлтгэлээ эхэлдэг байна.
Наадмын гол чимэг бол агаарын бөмбөлөгүүдийн өвөрмөц өнгө, загвар байдаг. Харин Канберрагийн энэ оны наадамд сонирхогчдын харааг хамгийн их булаасан агаарын бөмбөлөгөөр Дисней компанийн бүтээл “UP” хүүхэлдэйн киноноос санаа авч, урласан агаарын бөмбөг тодорсон байна. Тус агаарын бөмбөлөгийг солонгын 7 өнгөтэй 600 орчим бөмбөлөгийг агаарын бөмбөлөгийн гадна хэсэгт зүүж, бүтээжээ. Үүнээс гадна хүүхэлдэйн киноны бас нэгэн гол дүр болох шар шувууны аварга дүрс бүхий агаарын бөмбөлөг энэ удаагийн наадамд оролцсон байна.
Агаарын бөмбөлөг хөөргөнө гэдэг харагдаж байгаагаасаа ээдрээтэй ажил гэдгийг Канберрагийн наадамд оролцогчид хэлж байна. Агаарын бөмбөлөгт сууж яваа багийнхан аюулгүй байдлын үүднээс орон нутгийн холбогдох албаныханд өөрсдийн байршил, чиглэлээ байнга мэдээлдэг байна. Үүнээс гадна агаарын бөмбөлөгийг зөвхөн дээш, доош чиглүүлэх боломж бий. Харин агаарын бөмбөлөг аль зүгт явахыг салхины чиг шийддэг учраас бөмбөлөгт сууж яваа хүмүүс хаана газардахаа урьдчилан таамаглах боломж хомс байдаг юм. Иймээс багийн үлдсэн гишүүд агаарын бөмбөлөгийг хөөрсөн цэгээс нь эхлээд дагаж, буух үед нь туслалцаа үзүүлдэг байна.
Австралийн нийслэлд агаарын бөмбөлөгийн наадам зохион байгууллаа | ||
Үзсэн: 2056 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.