
Сербийн Ерөнхийлөгч асан Радован Каражич 1992-1995 оны хооронд Боснийн дайны үеэр геноцид болон дайны гэмт хэрэг үйлдсэнд буруутгагдан, 40 жилийн хорих ял сонслоо. Энэ дайны үеэр 1995 оны долоодугаар сард Серби арми Сребреница хотын исламын шашинт босничуудаас 8 мянга гаруй хүнийг хүйс тэмтэрсэн байдаг. Сребреницагийн геноцид гэж түүхэнд үлдсэн энэхүү хэрэгт Радован Каражичийг буруутгасан 11 зүйл ангиас 10 нь үндэстэй гэж Гаага хот дахь хуучин Югославын цэргийн гэмт хэргийн шүүх тогтоосон байна. Одоо 70 настай Радован Каражич Югославыг задран унахад хүргэсэн харгис дайны үеийн гэмт хэрэгт ял сонсож байгаа улс төрийн хамгийн дээгүүр албан тушаалтан юм.
Түүний шүүх ажиллагааг дэлхийн хоёрдугаар дайнаас хойш болж байгаа дайны гэмт хэргийн хамгийн чухал шүүх ажиллагаа гэж ажиглагчид дүгнэж байна. Радован Каражич өөрт нь тулгасан хэргүүдэд буруугүй гээд, дээрх гэмт хэргийг өөрийнх нь шууд захиргаанд байсан арми үйлдээгүй болохыг мэдэгдэж байсан юм. Гэсэн хэдий ч 8 жил үргэлжилсэн шүүх ажиллагаа эцэст нь Радован Каражичийг геноцид болон дайны гэмт хэрэгт буруутай гэх шийдвэр гаргасан байна. Сербийн одоогийн Ерөнхийлөгч Милорад Додик олон улсын шүүхийн энэхүү шийдвэрийг зэмлэн буруушаалаа.
Тэрээр 1999 онд Югославын эсрэг НАТО-гийн агаарын цэргийн ажиллагаа эхэлсний ойн өдрийг дурсах ёслол дээр хэлсэн үгэндээ “Боснийн дайны үед гэмт хэрэг үйлдсэн талуудаас өрнөдийнхөн зөвхөн сербиүдийг буруутгадаг. Энэ хандлагаа нотлон Радован Каражичид ял оноолоо” гэсэн байна. Мөн асар их гамшиг хохирол учруулаад зогсохгүй олон хүний амийг авч одсон НАТО-гийн агаарын цэргийн ажиллагаа Югославт эхэлсэн ойн өдөртэй давхцуулан Гаагийн шүүх ийм шийдвэр гаргаж байгааг тэрээр эрс шүүмжилжээ.
Радован Каражичид 40 жил хорих ял оноолоо | ||
Үзсэн: 947 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.