
Ирэх тавдугаар сард Японд зохион байгуулагдах “Их 7”-гийн бүлгийн дээд хэмжээний уулзалтыг угтан тус улсын нийслэл Токио хотын цагдаа нар болзошгүй алан хядах ажиллагаанаас урьдчилан сэргийлэхэд бэлэн байдлыг хангах зорилгоор сургуулилт зохион байгууллаа. Токио хотын цагдаагийн газар дээд хэмжээний уулзалтыг угтан хотын аюулгүй байдлыг чангатгасны зэрэгцээ “Их 7”-гийн бүлгийн дээд хэмжээний уулзалт болох Миэ мужид цагдаагийн нэмэлт хүч илгээхээр төлөвлөж байгаа юм. Өчигдөр Токиод болсон сургуулилтад цагдаагийн 1 мянга орчим албан хаагч оролцсон байна.
Сургалтын эхний хэсэгт цагдаа нар жижиг хэмжээтэй сэжиг бүхий дронуудыг олж илрүүлэх, зогсоох даалгавар биелүүллээ. Сэжигтэй дронуудыг саатуулахад цагдаагийн бие бүрэлдэхүүн өөрсдийн нисгэгчгүй төхөөрөмж болох дроныг ашигласан байна. Харин сургуулилтын дараагийн хэсэгт алан хядагчид нисэх буудал болон их дэлгүүрт халдлага үйлдэж байгаа нөхцөлд цагдаа нар ямар арга ажиллагаа хэрэгжүүлэхийг бэлтгэж сургуулилжээ. Японы онц байдлын баг бүрэлдэхүүн байдлыг хяналтандаа авахын тулд алан хядагчдын эсрэг гал нээсэн байна. Мөн автобус барьцаалагчдын эсрэг тусгай ажиллагаанд автобус руу нулимс асгаруулагч хий буудаж, дараа нь автобусны цонхыг хагалан, алан хядагчдыг буулган авах зэрэг дарааллаар ажиллажээ.
Энэ сургуулилтын явц, үр дүнг Японы цэрэг армийн дээгүүр албан тушаалтан очиж, ажигласан байна. Мягмар гарагт Бельгийн нийслэл Брюссель хотод гарсан халдлагаас үзэхэд Японы цагдаагийн бие бүрэлдэхүүн улс орныхоо үндэсний аюулгүй байдлыг сахин хамгаалах бэлтгэлээ сайтар хангах шаардлагатай нь харагдаж байна гэж тус улсын эрх баригчид үзэж байгаа юм.
Японы цагдаа нар алан хядах ажиллагааны эсрэг сургуулилт хийлээ | ||
Үзсэн: 668 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.