Шууд Chart

Обама Аргентины "бохир дайн"-д амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэлээ

2016-03-25 13:09:23

Аргентин дахь айлчлалынхаа сүүлийн өдөр АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама цэргийн хунтын дэглэмийн үед амь насаа алдсан хохирогчдын дурсгалыг хүндэтгэлээ. Тэрээр 40 жилийн өмнө Аргентин улсад цэргийн эрх мэдэлтнүүдийн хийсэн төрийн эргэлтэд АНУ-ын гүйцэтгэсэн үүрэг оролцооны тухай нууц материалуудыг ил болгохоо амлаад байгаа юм. 1983 он хүртэл цэргийн эрх мэдэлтнүүд засгийн эрх барих үеэр Аргентинд 30 мянга орчим хүн амиа алдсан гэх тооцоо бий.

Үүнээс гадна мянга мянган хүн хуулиас гадуур баривчлагдан, эрүүдэн шүүлтэд өртсөн энэ цаг үе түүхэнд “Бохир дайн” нэрээр тэмдэглэгдэн үлдсэн байдаг юм. Энэ үйл явдлыг дурсахдаа Барак Обама Аргентинд гарч байсан хүний эрхийн зөрчил хүчирхийллийн эсрэг тэмцэхэд АНУ хойрго хандсаныг хүлээн зөвшөөрчээ. Цэргийнхний төрийн эргэлтийг удирдсан генерал Хорхе Рафаэль Видела хүний эрхийн зөрчил үйлдсэн хэргээр ял эдэлж байгаад өнгөрсөн 2013 онд шоронд нас эцэслэсэн юм. Аргентины цэргийн хунтын дэглэм нуран унаснаас хойш АНУ-ын гадаад бодлого ил тод байдал, хүний эрх гэсэн хоёр чухал хүчин зүйлийг харгалзан үздэг болсон гэж Обама мөн ярьсан байна.

Тэрээр бүс нутгийн түүхэн дэх хамгийн харгис дэглэмүүдийн нэгийг Аргентинд тогтоосон 40 жилийн өмнөх төрийн эргэлтийн үеийн АНУ-ын цэрэг, тагнуулын нууц материалуудыг бүрэн дэлгэснээр хоёр орны хооронд итгэлцэл эргэн тогтож, улмаар харилцаа нь ойртон нягтрахад тус нэмэр болно гэж найдаж байна. Өмнө нь 2002 онд энэ асуудлаарх Америкийн Засгийн газрын 4 мянга гаруй нууц баримт бичиг ил болж байсан юм. Өчигдөр Аргентины нийслэл Буэнос Айрес хотод олон арван мянган хүн төрийн эргэлтийн 40 жилийн ойг дурсан гудамж талбайд гарч, жагссан байна. 1976 оны гуравдугаар сарын 24-ний өдөр болсон төрийн эргэлтийг зохион байгуулахад АНУ дэмжлэг үзүүлсэн гэгддэг учраас энэ жагсаалын үеэр Барак Обамагийн айлчлалыг эсэргүүцэж байгаагаа илэрхийлэх хүмүүс олон байжээ.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Обама Аргентины "бохир дайн"-д амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэлээ  
Үзсэн: 708 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй