
Өнгөрсөн 2015 онд дэлхий нийт сэргээгдэх эрчим хүчний салбарт 285,9 тэрбум америк долларын хөрөнгө оруулсан байна. Ингэснээр энэ салбар дахь хөрөнгө оруулалтын хэмжээ түүхэн дээд цэгтээ хүрч, 2011 оны дээд амжилтыг эвджээ. Тус онд дэлхий нийт 278,5 тэрбум америк долларыг сэргээгдэх эрчим хүчний салбарт зарцуулсан байна.
Харин өнгөрсөн оны үзүүлэлт 2011 оныхоос 7 тэрбум америк доллараар өссөн байгаа юм. Сэргээгдэх эрчим хүчний хөрөнгө оруулалтын олон улсын төлөв байдлын тухай 10 дахь удаагийн тайланд энэ тухай мэдээлсэн байна. Мөн тус тайлангаас үзэхэд өнгөрсөн онд өндөр хөгжилтэй орнуудаас илүү хөгжиж байгаа орнууд сэргээгдэх эрчим хүчний салбарт хөрөнгө оруулжээ. Мөн нүүрсний цахилгаан станцаас илүү олон тооны сэргээгдэх эрчим хүчний байгууламжууд ашиглалтад орсон байна.
Энэ мэт таатай дүн мэдээг үл харгалзан уур амьсгалын өөрчлөлтийн эрчийг бууруулахын тулд сэргээгдэх эрчим хүч ашиглалтыг цаашид нэмэгдүүлэх шаардлагатай байгааг судлаачид онцолж байгаа юм. Франкфуртын сургууль НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр болон Блүүмбергтэй хамтран явуулсан энэхүү судалгааны тайланд мэдээлснээр хөгжиж байгаа орнууд өнгөрсөн онд 156 тэрбум америк долларыг сэргээгдэх эрчим хүчинд хөрөнгө оруулсан нь 2014 оны түвшнээс даруй 19 хувь өссөн гэсэн үг юм.
Энэ өсөлтөд хамгийн том хувь нэмэр оруулсан орноор Хятад тодорч байна. Тус улс сэргээгдэх эрчим хүчний салбартаа 102,9 тэрбум доллар хөрөнгө оруулсан нь энэ салбарт хийсэн дэлхийн нийт хөрөнгө оруулалтын 36 хувьтай тэнцэж байгаа юм. Харин өндөр хөгжилтэй орнууд хөгжиж байгаа орнуудаас 26 тэрбум доллараар бага буюу 130 тэрбум долларын хөрөнгө энэ салбарт оруулсан байна.
2015 онд дэлхийн улс орнууд сэргээгдэх эрчим хүчний салбарт 285,9 тэрбум ам.доллар зарцуулжээ | ||
Үзсэн: 927 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.