Шууд Chart

Австралийн фермд автомат төхөөрөмж ашиглаж эхэллээ

2016-03-26 09:14:35

Австрали улсын мал аж ахуйн нэгэн фермд автомат төхөөрөмжүүд ашиглаж эхэлсэн байна. Сүүний фермд ашиглаж болох энэ мэт технологи зах зээлд танилцуулагдаад 10 жилийг ардаа үдсэн боловч эдгээр технологийг хэрэглээнд нэвтрүүлж, фермийн үр бүтээмжээ нэмэгдүүлж байгаа хүмүүс одоо хэр хуруу дарам цөөн байгаа юм. Австрали улсад л гэхэд, энэ чиглэлээр хийгдсэн судалгаа хомс байдгаас мал аж ахуйд автомат систем нэвтрүүлсэн ердөө 40 орчим ферм байна.

Иймээс Тасманид өөрийн фермийг ажиллуулдаг Маркус Кровден бүс нутгийн иргэддээ автоматжуулсан фермийн үр ашгийг сурталчлан таниулахаар ажиллаж эхэлжээ. Тэрээр 4 жилийн өмнө өөрийн фермээ автоматжуулсан юм байна. Австрали төдийгүй олон улсын түвшинд бэлчээрт суурилсан мал аж ахуйд роботжуулсан автомат систем ашигладаг газар цөөхөн байдаг. Үүнтэй холбоотойгоор судалгаа, мэдээллийн дутмаг байдлаас үүдэн Маркус Кровдены ферм эхлээд цөөн тооны хүндрэл бэрхшээлтэй тулгарч байжээ.

Гэсэн хэдий ч аажимдаа тус ферм ажиллах хүчний зардлаа хэмнэж, үр ашигтай ажиллаж эхэлсэн байна. Одоо түүний фермийн туршлагад үндэслэн фермд автомат төхөөрөмж ашиглахын давуу талыг харуулсан судалгаа мэдээллийн бааз байгуулахаар мэргэжилтнүүд ажиллаж байна. Маркусын фермийн үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүний хэмжээ, эдгээр бүтээгдэхүүнээс олж байгаа ашиг орлогыг тэд судлан, мал аж ахуй эрхлэгчдэд мэдээлж эхэлжээ.

Судлаачдын нийтлэх тайлан, мэдээллийг ашиглан фермерүүд үнээ саах болон бусад ажилдаа автомат төхөөрөмж нэвтрүүлэх боломж бүрдэнэ. Ингэснээр мал аж ахуйн салбарт үүссэн ажиллах хүчний хомсдлын асуудлыг шийдвэрлэх боломжтой гэж ажиглагчид сайшааж байгаа юм.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Австралийн фермд автомат төхөөрөмж ашиглаж эхэллээ  
Үзсэн: 1026 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй