
Пакистаны зүүн нутагт орших Лахор хотын цэцэрлэгт хүрээлэнд амиа золиослогч халдлага үйлдсэний улмаас наад зах нь 69 хүн амь үрэгдэж, 280 гаруй хүн гэмтэж шархаджээ. Эмнэлэгт хүргэгдсэн зарим хүний биеийн байдал тун хүнд байгаагаас үзэхэд амь үрэгдэгсдийн тоо цаашид өсч магадгүй гэж албаныхан үзэж байна. Исламын шашинт Талибан бүлэглэлийн салбар бүлэг энэ удаагийн халдлагын хариуцлагыг өөртөө хүлээсэн бөгөөд христийн шашинтнуудыг халдлагынхаа бай болгохыг зорьсон гэж мэдэгдлээ.
Халдлага гарсан цэцэрлэгт хүрээлэн нь Лахор хотын христийн шашинт иргэдийн очих дуртай амралт зугаалгын бүсэд тооцогддог юм. Иймээс өчигдөр христийн шашны бас нэгэн гол баяр болох улаан өндөгний баяраа тэмдэглэж яваа гэр бүлүүд цэцэрлэгт хүрээлэнд олноор цугласан байжээ. Дэлбэрэлт цэцэрлэгт хүрээлэнгийн төв хаалга болон хүүхдийн савлуурын ойролцоо болсон байна.
Албаныхны мэдээлж байгаагаар амь үрэгдсэн болон гэмтэж шархадсан хүмүүсийн олонх нь хүүхэд, эмэгтэйчүүд байгаа юм. Пакистаны Ерөнхийлөгч халдлагыг эрс зэмлэн буруушааж байгаагаа мэдэгдсэн бол бүс нутгийн засаг захиргаа 3 хоногийн гашуудал зарласан байна. Лахор хотын бүх томоохон эмнэлэг одоо онц байдлын дэглэмд ажиллаж байна. Халдлагаас амь гарсан гэрчүүдийн яриагаар амиа золиослогч тэсрэх бөмбөг дэлбэлмэгц цэцэрлэгт хүрээлэнд цугласан хүмүүсийн дунд эмх замбараагүй байдал үүсч, олны хөлд зарим хүмүүс дарагдсаны зэрэгцээ хүүхдүүд эцэг, эхээсээ төөрсөн тохиолдол их гарсан байна.
Өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд Пакистан улс дахь исламын шашинт зэвсэгт дайчид христийн шашинтай болон бусад шашны цөөнхөд хамаарагддаг ард иргэдийн эсрэг удаа дараа халдлага үйлдэж ирсэн юм. Пакистаны Засгийн газар энэ мэт халдлага үйлдэгсдийг зэмлэн буруушааж байгаагаа мэдэгддэг ч, алан хядагч этгээдүүдийн эсрэг дорвитой хариу арга хэмжээ авдаггүй гэх шүүмжлэлд өртдөг тухай "Ройтерс" агентлаг уламжилсан байна.
Пакистанд амиа золиослогч халдлага үйлдсэний улмаас 69 хүн амь үрэгджээ | ||
Үзсэн: 684 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.