Шууд Chart

Амь үрэгдэгсдийн дурсгалд зориулсан жагсаалын үеэр үймээн дэгджээ

2016-03-28 13:07:19

Өнгөрсөн 7 хоногт Бельгийн нийслэл Брюссель хотноо гарсан халдлагын хохирогчидтой эв санаа нэг гэдгээ харуулах зорилгоор өчигдөр олон зуун хүн жагсаал хийжээ. Олон хүн цугларсан газарт дахин террорист халдлага гарах магадлалтайг харгалзан цагдаа нар энэ удаагийн жагсаалыг хойшлуулахыг уриалж байсан ч, жагсагчид хууль сахиулах хүчний энэ уриалгыг хүлээж аваагүй байна.

Брюсселийн хөрөнгийн төв биржийн урд товлогдсон жагсаал ерөнхийдөө тайван байдалтай зохион байгуулагдсан боловч хар хувцас өмссөн бүлэг жагсагчид "Исламын улс" бүлэглэлийн эсрэг уриа үг хашгиран Биржийн өмнөх талбайд орж ирж эмх замбараагүй байдал үүсгэжээ.

Цагдаа нар энэхүү бүлэг жагсагчдыг тараахын тулд даралтат ус шүршигч ашигласан байна. Эдгээр жагсагч хэт барууны үндсэрхэг үзэлтнүүд байсан гэж орон нутгийн хэвлэлүүд мэдээлж байгаа юм. Харин цагдаа нарын өгсөн мэдээллээр тайван жагсаалыг үймүүлсэн бүлэг дотор 340 орчим хүн байсан юм байна. Бельгийн хэд хэдэн бүс нутгийн хөлбөмбөгийн клубуудаас ирсэн эдгээр танхай этгээдийг тараах явцад хоёр цагдаа хөнгөн бэртэж гэмтсэн, мөн 10 орчим этгээдийг цагдаа нар баривчилсан байна.

Брюсселийн халдлагад амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэн гашуудаж, тайван байдалтай болж байсан жагсаал цуглааныг ийнхүү бусниулсан явдлыг Бельгийн Ерөнхий сайд Шарль Мишель зэмлэн буруушаасан байна. Энэ хооронд тус улсын хууль сахиулах хүчнийхэн террорист халдлага дахин гарахаас сэргийлэх зорилгоор мөрдлөг шалгалтаа үргэлжлүүлж байгаа юм. Энэ хүрээнд Германы тагнуулын албаныхантай хамтран ажилласны үр дүнд, Итали улсаас Алжирын нэг иргэнийг баривчилжээ.

Мөн Бельгийн нутаг дэвсгэрт цагдаа нар дахин 13 бүсэд нэгжлэг шалгалт явуулж, олон тооны хүнээс гэрчийн мэдүүлэг авсан байна. Харин Нидерландын цагдаагийн газар Францын эрх баригчдын хүсэлтээр Францын иргэн 30 настай эрэгтэйг Роттердам хотоос баривчилжээ. Түүнийг Францад халдлага үйлдэхээр бэлдэж байсан гэж сэжиглэж байгаа бөгөөд тун удахгүй эх оронд нь шилжүүлэх юм байна.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Амь үрэгдэгсдийн дурсгалд зориулсан жагсаалын үеэр үймээн дэгджээ  
Үзсэн: 599 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй