Шууд Chart

Хятадын аж үйлдвэрийн салбар сэргэж байна

2016-03-28 14:38:09

Хятадын 300 мянган доллараас дээш орлоготой аж үйлдвэрийн компаниудын ашиг орлого энэ оны эхний хоёр сард 2015 оны мөн үеийнхтэй харьцуулахад 4.8 хувиар өсчээ. Салбарын өсөлт удааширч байсан өнгөрсөн оны хандлагыг өөрчлөн, энэ оны нэг болон хоёрдугаар сард Хятадын аж үйлдвэрийн компаниуд 3.1 сая америк долларын ашиг олсон болохыг Хятадын статистикийн үндэсний товчоо өчигдөр мэдээллээ.

Тус улсын аж үйлдвэрийн салбарын ашиг орлого 2015 оны нийт дүнгээрээ 2014 оныхоос 2.3 хувь буурсан үзүүлэлттэй гарч байсан юм. Харин үл хөдлөх хөрөнгийн салбарт хөрөнгө оруулалт өссөн нь салбарын гол түүхий эд болох аж үйлдвэрийн бүтээгдэхүүний эрэлт нэмэгдэх, улмаар салбарт өсөлт гарахад нөлөөлсөн байна. Хятадын үл хөдлөх хөрөнгийн салбарт хийж байгаа хөрөнгө оруулалт энэ оны эхний хоёр сард өнгөрсөн оны мөн үеийнхээс 3 хувиар өссөн дүнтэй байгаа юм.

Ийнхүү Хятадын аж үйлдвэрийн салбар энэ оноос эхлэн эргэн сэргэж эхэллээ. Гэхдээ Хятадад аж үйлдвэрийн салбарын ашиг орлого 4.2 хувиар агшсан 2015 оны эхний хоёр сарыг суурь болгон харьцуулсан учраас энэ оны өсөлт төдийлөн өндөрт тооцогдохгүй гэдгийг мэргэжилтнүүд онцолж байна. 2016 оны эхний хоёр сард Хятадын аж үйлдвэрийн салбарынхны олсон ашгийг өнгөрсөн оныхтой харьцуулахад 4.8 хувь өссөн ч, 2014 оны мөн үетэй харьцуулбал ердөө 0.4 хувийн өсөлттэй байгаа юм.

Хятадын уул уурхайн салбарын хямрал, мөн аж үйлдвэрийн салбар дахь эрэлтээс хэтэрсэн нийлүүлэлт зэрэг нь тус салбарын өсөлт хурдацтай сэргэхэд саад болж байгаа гол хүчин зүйлс гэж мэргэжилтнүүд үзэж байна. Тус салбарт илүүдэл нийлүүлэлт үүссэн, гадаад худалдаа буурсан, үл хөдлөх хөрөнгийн салбарын өсөлт удааширсан зэрэг нь Хятадын ДНБ-ий өсөлт сүүлийн 25 жил дэх хамгийн доод түвшин буюу 6.9 хувьд хүрэхэд хүргэсэн үндсэн шалтгаан болохыг "Синьхуа" агентлаг мэдээлж байгаа юм.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Хятадын аж үйлдвэрийн салбар сэргэж байна  
Үзсэн: 534 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй